Нийгмийн ажилтныг чиглүүлэх бүсийн сургалт эхэллээ
2025-02-10 13:27:53, 85

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарт улсын хэмжээнд шинээр томилогдсон 833 нийгмийн ажилтнуудыг чиглүүлэх, мэргэшүүлэх богино хэмжээний сургалт 7 бүсэд 21 аймаг, 9 дүүрэгт үндэсний хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Хөвсгөл аймагт эхэлсэн Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чадавхжуулах бүсийн сургалтад Хөвсгөл, Булган, Завхан аймгаас хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар томилогдсон 61 албан хаагч хамрагдаж байна.

 Сургалт 5 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, эрх зүй, Хүний эрхийн тухай конвенц, үндсэн ойлголтууд, хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтны дагаж мөрдөх эрх зүйн хэмжээ гэх мэт үндсэн агуулгын хүрээнд сургалт зохион байгуулагдахаас гадна гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангаж, зөвлөн тусалж ажиллах юм.

 

“Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг нийгмийн ажлын онол, арга зүйгээр чиглүүлэх, мэргэшүүлэх бүсийн сургалт”-ыг нээж аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Ж.Азжаргал, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа нар үг хэллээ.

Мөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хэлтсийн дарга Х.Оюунтуяа, Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр, Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Э.Дэчинсодном, Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, хошууч, нийгмийн ажлын магистр Г.Батжаргал, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш, магистр Д.Мягмарсүрэн нар оролцож байна.

Б.Ганаа



Нийгмийн ажилтныг чиглүүлэх бүсийн сургалт эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0