Хөвсгөл аймагт “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нярайн цогц скрининг шинжилгээг нутагшуулах нь” сэдэвт сургалт болж байна.
Сургалтаар эрүүл мэндийн байгууллагын бүх шатны эмч, мэргэжилтнүүдэд нярайн цогц скрининг шинжилгээний ач холбогдол, шинжилгээгээр илрүүлэх боломжтой эмгэгүүдийн талаар мэдлэг олгож, шинжилгээ хийх арга, аргачлалд сургах юм. Түүнчлэн жирэмсэн эх, нярайн асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдэнтэй зөв боловсон харилцах ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Сургалтыг ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хойд бүсийн дөрвөн аймгийн нярайн болон хүүхдийн эмч, сувилагч, дүрс оношилгооны 30 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Монгол Улсад 2025 оноос нярайн түнхний хэт авиан шинжилгээ, дутуу нярайн ретинопати, сонсгол болон дотоод шүүрлийн эмгэгийг илрүүлэх скрининг шинжилгээг нэвтрүүлжээ. Цаашид зүрхний төрөлхийн гажгийг пульсоксиметрээр илрүүлэх, дутуу нярайн зулайн хэт авиан шинжилгээ хийх, нүдний улаан рефлекс шалгах гэсэн гурван төрлийн скринингийг нэмж, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт нүд, түнх, зүрхний төрөлхийн гажиг болон зулайн хэт авиан скрининг шинжилгээ хийж байна.

Нярайн скрининг шинжилгээгээр төрөлхийн болон удамшлын гаралтай эмгэгийг амьдралын эхний 24-72 цагт илрүүлэх боломжтой. Ингэснээр эмгэгийг эрт оношилж, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх ач холбогдолтой юм.
Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Анагаахын удамзүйн лабораторийн эрхлэгч П.Жамьян хэлэхдээ, олон улсын удирдамжид нийцсэн, чадамжид суурилсан нэгдсэн хөтөлбөрөөр хүүхэд, нярайн эмч, сувилагч болон скрининг шинжилгээ хийдэг бусад мэргэжилтнийг ижил стандартын дагуу сургах нь үндэсний нярайн скринингийн тогтолцооны чанар, хамрагдалт, эрт илрүүлгийн үр нөлөөг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойг онцоллоо.
Б. Ганаа
| Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ |
Сэтгэгдэл бичих