Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна
2025-12-15 14:54:31, 146

Хөвсгөл аймагт мал, тэжээвэр амьтдын 2025 оны жилийн эцсийн тооллого  үргэлжилж, тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Тооллого өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай байна.

Энэ жилийн хувьд малыг нэг бүрчлэн нүдээр харж тоолохын зэрэгцээ ухаалаг төхөөрөмж буюу таблет, гар утасны ухаалаг систем ашиглан мал тоолох туршилт хийж байгаагаараа онцлог байна.

Мал тооллогод цаг агаарын нөхцөл байдлаас үүссэн ямар нэг хүндрэл гараагүй, мал тооллого хэвийн үргэлжилж байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн  Р.Отгонцэцэг ярилаа.

Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг.

Мөн хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Хөвсгөл аймаг өнгөрсөн онд  мал тооллогын  дүнгээр 5160496 толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн байна.

Малын төрлөөр өмнөх оныхтой харьцуулахад тэмээ 0,8 хувиар өссөн, адуу 3,6 хувиар өссөн, үхэр 1,5 хувиар буурсан, ямаа 5,6 хувиар буурсан, хонь 14,8 хувиар буурсан байсан юм.

Б.Тамираа 



Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0