Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий голуудын ажиглалт хийдэг хэсэгт мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болоод байгаа бөгөөд нийт уртын дагууд битүү мөсөн бүрхүүл харзтай байна. Харин Үүр, Бэлтэс, Шишгэд зэрэг томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5 см-ээр буурч 30-135 см болоод байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага байна.
Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчрээс Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд харзтай болсон бөгөөд мөсний зузаан 30 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.
Хөвсгөл нуураас усжих Эг гол Эрдэнэбулган сум болон Хатгал тосгон орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 25-50 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-30 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.
Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан томоохон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасаж, хэврэгшин, мөсний зузаан олон жилийн дунджаас 5-80 см-ээр бага, нимгэрч байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна.
Б.Туяа
Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан олон жилийн дунджаас 5-80 см-ээр бага байна |
Сэтгэгдэл бичих