Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Баян гол гэдэг газар байгуулсан Загас үржүүлгийн төвд байгаа түрсний өсөлт, хөгжилт хэрхэн явагдаж байгаатай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадорж танилцлаа.
Түрснүүд өнөөдрийн байдлаар нүдтэй болж хөдөлгөөнд орж жарамгай болсон бөгөөд 7 хоногийн дараа сэлж суран хоолонд орж жараахай болох гэнэ. Жараахайнуудыг хооллож байгаад цаг агаарын байдлыг харгалзан голд тавих ажээ. Загас үржүүлгийн ажлыг хийж байгаа "Монголын загас хамгаалах тул холбоо" төрийн бус байгууллагынхны хэлж байгаагаар ирэх сарын 10-ны орчимд түрснүүд бие даан амьдрах чадвартай жараахай болох бөгөөд тэр үед нь голд тавих юм байна.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Аялал жуулчлалын тулгуур төв болох" зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт "Загас үржүүлгийн төв" байгуулсан. Энэ төвд Төмөрбулаг сумын Олон голын бэлчрээс 45 зэвэг загас авчирч түрсийг нь аван, голд нь буцаан тавьсан бөгөөд түрснүүд 21 хоногийн дараа хагарч жарамгай болсон байна.
Сүүлийн жилүүдэд 4-5 дахин цөөрсөн загасны тоог нэмэгдүүлэх, байгаль экологийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд ийн 150 мянган жарамгай үржүүлж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор нэг загасны үнэлгээ 17 мянган төгрөг байдаг. Өнөөдрийн байдлаар 150 мянган жарамгайд 25 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ нь 2 тэрбум 550 сая төгрөгийн үнэлгээтэй нөөц бүрдүүлж байгаа чухал ач холбогдолтой ажээ.
ЗЭВЭГНИЙ ТҮРСНҮҮД ЖАРАМГАЙ БОЛЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих