Хөвсгөл аймаг хорт хавдрын өвчлөлөөр улсын дундажтай ойролцоо, нас баралтаар улсын дунджаас дээгүүр байдаг учраас аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал санаачилга гарган Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ авах боломжийг бий болгох зорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн Б.Түвшин гэр бүлээ дагуулан Хөвсгөл аймагт иржээ. Б.Түвшин эмч “Хорт хавдартай тэмцэж ажлын хамгийн чухал хэсэг бол хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулах, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах ажил байдаг. Манай оронд хорт хавдрын дийлэнх тохиолдлууд хожуу шатандаа оношлогдож байна. Аливаа хорт хавдар эрт шатандаа оношлогдвол эдгэрэх магадлал өндөр. Харин цаг алдаж хожуу шатандаа оношлогдвол алсын тавилан тааруу байдаг, хавдар дахилт, үсэрхийлэл өгөх эрсдэл өндөртэй байдаг. Иймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх, аль болох эрт илрүүлэх тал дээр өөрийн мэдлэг, чадвараа дайчлан ажиллахаар ирлээ” гэдгийг хэлж байлаа.
Хүн ардын эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй эмч хоймор нутгийг сонгон ажиллахаар ирсэнд Аймгийн Засаг дарга талархан хамтран ажиллахаа илэрхийллээ. Хөвсгөл аймаг 10000 хүн амд хорт хавдрын нас баралт 2019 онд 16,7 байсан бол 2020 онд 15,3 болж 1,4 промилиор буурсан. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын хяналтад нийтдээ 700 гаруй хүн бүртгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 гаруй тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.
Б.Ганаа
Хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа авах боломж бүрдлээ |
Сэтгэгдэл бичих