Ахмад дайчин Я.Гомбо: Л Дандар баатрын удирдлага дор тулалдаж явлаа
2020-05-09 20:56:35, 1542
Хөвсгөл аймгаас 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан Мөрөн сумын иргэн 98 настай Я.Гомбыг Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасныг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суугаа Ерөнхий консул Р.А.Зайнутдинов, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох, Цэргийн штабын дарга хурандаа С.Батхуяг, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар гардуулан өглөө.  Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

- Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль гардан авлаа танд баяр хүргэе.

- Баярлалаа. Хүүхдүүд минь. Энэ сайхан өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гарын үсэгтэй хүндтэй шагналыг хүлээж авлаа. Төр засгийн минь хишиг шүү дээ. Олон хүндтэй шагнал хүртэж сууна. Үнэхээр их баяртай байна.

- Та хэдэн онд цэргийн албанд мордож байв?

- Би 1943 онд цэргийн албанд татагдаж байлаа. 1945 онд эх орноо чөлөөлөх дайнд Дорнод аймгийн Баянтүмэний 5-р дивизэд Л. Дандар баатрын удирдлага дор тулалдаж  явлаа. Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар гуай бол эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулсан хатан зоригтон, хүнлэг энэрэнгүй баатар хүн байсан.

- Цэргийн алба хааж байгаад шууд дайнд явсан уу?

- Тийм ээ шууд явсан. Эх орныхоо төлөө дайнд явах мэдээг сонсоод айж байгаагүй. Харин ч бүр зориг ороод шулууддаг юм билээ. Бид хавар яваад намар ирж байсан санагдаж байна. Тэр зун их халуун бүгчим байсан санаанаас гардаггүй юм. Тулалдаж байх үед  орой тийшээ ам хатаад сүүлдээ шүлс ч гардаггүй юм билээ. Харин ногоон дээр элгээрээ хэвтэхээр ам дэвтээд жаахан чийгтэй болж байсан. Ногооны чийг биед шингэдэг байсан юм болов уу даа. Хэцүү хүнд үе их байсан ч бид шантраагүй.

- Маршал Х.Чойбалсантай таарч байв уу та?

- Тааралгүй яахав. Маршал Х.Чойбалсан  гуай манай дивиз дээр өөрөө ирээд “Та бүхэн эх орноо сайн хамгаалаарай” гээд захиж байсан. Бид Х.Чойбалсангийн тухай дуу дуулаад л давшдаг байлаа.

- Ялалтын мэдээг сонсох тэр үеийг дурсвал?

- Маш сайхан байсан. Япончуудыг бууж өгсөн гэсэн мэдээг сонсоод шууд л дотор огшоод гайхамшигтай сайхан мэдрэмж байсан. Цэргүүд уриа хашгираад л. Энэ үе яг л өнөөдөр юм шиг тодхон санагдаж байна.

- Та эх орон ямар их үнэ цэнтэй вэ гэдгийг тулалдаж байхдаа ойлгосон гэж хуучилсан. Залууст юу гэж хэлж захимаар байна?

- Өнөөдрийн залуус ядарч үзээгүй, зовж үзээгүй, өлсөж үзээгүй ер нь эмнэг морь шиг л байх юм.  Эрэгтэй хүүхдийг цэрэгт л явуулж эр хүн болгох хэрэгтэй гэж боддог.

- Цэргээс ирээд ямар ажил хийж байв?

- Цэргийн албанаас халагдаж ирээд эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалтын ажилд залуучуудтай хамтран морин хадуураар өвс хадлан бэлтгэх, газар тариалангийн ажилд оролцож, мал маллаж явсан. 1948 онд гэргий Ш.Намнангаравтай танилцаж гэр болж 9 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо ач зээ нар маань нийлээд 100 гаруй өнөр өтгөн болсон. Нэгдлийн мал олон жил малласан даа. Сүүлийн жилүүдэд төрийн хишиг ч их хүртэж байна. Улсаас өгсөн байрандаа амьдарч байгаа шүү дээ.

- Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье 

- Баярлалаа төрдөө, түмэн олондоо баярлалаа. 

Б.Гантуяа 

 

 

 

 
 
 
 

 



Ахмад дайчин Я.Гомбо: Л Дандар баатрын удирдлага дор тулалдаж явлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0