Хөвсгөл аймгийн музейн санаачилгаар Монголд анх удаагаа музейн орчны цогц судалгааг хоёр үе шаттайгаар хийх гэж байна. Судалгааны гол зорилго нь музейн үзмэрийг хадгалж буй сан хөмрөг, үзүүллэгийн танхим, шилэн хоргоны дулаан ба чийгийн хэлбэлзлийг тодруулж хянах, дурсгалд үүсэх гэмтлийг урьдчилан таамаглах, гэмтлийн шалтгааныг тодруулахад чиглэгдэх юм. Судалгааны эхний үр дүнг 2022 онд олон нийтэд танилцуулна.
Тус судалгаанд АНУ–д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн НОВО брэндийн өндөр үзүүлэлт бүхий багажийг ашиглан, музейн температур, чийгшлийн судалгааг Японы Киото Их сургуулийн судлаачтай хамтран хийж хэрэгжүүлнэ. Судалгаанд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийн нийт санхүүжилт 3 сая орчим төгрөг болж буй бөгөөд музейн гадаад хамтын ажиллагааны хүрээнд эхний шатны судалгааг буцалтгүй тусламжаар хийхээр болжээ.
Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Б.Туяа
Музейн орчны судалгааг анх удаа хийнэ |