Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтанд 1500 хүн оролцож, Овоотын уурхай ашиглалтанд орсноор 800 гаруй, Нүүрстэйн орд ашиглалтанд орсноор 200 гаруй хүнийг ажлын байраар хангах гэнэ. Энэ тухай “Аспайр майнинг” компаний гүйцэтгэх захирал Б.Ганбат, ерөнхий геологич Ц.Барсболд нар Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатартай уулзаж өнгөрсөн хугацаанд компанийн орон нутагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуул, судалгааны дүн мэдээг танилцуулах үеэрээ хэллээ.
“Аспайр майнинг” компаний охин компани “Хургатай хайрхан” компани нь 2008 оноос Хөвсгөл аймагт хайгуул судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор Нүүрстэй болон Овоот коксжох нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гэнэ. Овоотыг ордыг ашиглахын тулд 533 км төмөр зам тавихаар төлөвлөж байгаа. Гурван улсын тэргүүн нарын хамтран хэрэгжүүлэхээр тохирсон “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн эхний ээлжийн төмөр зам нь Эрдэнэт-Овоотоос Арц суурийн боомт хүрч, улмаар Кызылийн төмөл замтай холбогдон, Орос, Монгол улсыг холбосон чухал гарц болно. Харин концессийн гэрээ дууссаны дараа 100 хувь улсын өмчид хүлээлгэн өгнө гэдгийг компанийнхан хэлж байлаа.
Нүүрстэйн амны ордын хайгуулын лиценз нь 2008 оны 4 сард тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга Болдын гарын үсэгтэйгээр "Гурван талст" компанид олгогдсон бөгөөд "Аспайр майнинг" компани холбогдох хуулийн дагуу тус компаниас шилжүүлж авсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганбат болон ерөнхий геологич Ц.Барсболд нар мэдээлэл өглөө. Мөн олон нийтийн дунд эх сурвалж нь тодорхойгүй, гүтгэлгийн шинжтэй, нэг талыг барьсан, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарч байгаад харамсаж буйгаа илэрхийлээд тус компанийн үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд иргэд олон нийтэд цаашид ч үйл ажиллагааныхаа талаар нээлттэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана гэдгээ хэлж байлаа.
ОВООТЫН УУРХАЙ АШИГЛАЛТАД ОРСНООР 800 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО |
|
Сэтгэгдэл бичих