Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаар Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт орших Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгат уул болгох асуудлыг хэлэлцэн төлөөлөгч нарын 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгат уул болгосноор байгаль хамгаалал, түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Л.Батцэцэг хэллээ.
Тус аймгийн Улаан-Уул сумын төвөөс зүүн тийш 28 км зайд сүндэрлэх Дэлгэрхаан уул 3095 метр өндөр юм. Хорьдол Сарьдгийн нурууны салбар уулсаас эх авсан хамгийн өндөр ноён оргил нь юм.
Дэлгэрхаан уулын хормойн хэсэг битүү модоор хүрээлэгдсэн, дундах хавиас эгц цавчим хад асга болж байснаа дээшлэх тусам нарийсан оргил нь цас мөсөөр хучигдан үүлэнд умбаж байдаг.
Дэлгэрхаан уул, түүний ойр орчин байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд сүүлийн үед аялагч иргэд зорин очиж үзэж, зургаа авхуулдаг болжээ.
Тус уул 20 километрийн зайнаас ч сүндэрлэн харагддаг бөгөөд тус ууланд 1958 онд Хөвсгөл аймгийн уулчид, Монгол, Чехословакийн хамтарсан уулчдын баг 1968 онд, Япон, Монголын уулчид 1998 онд авирсан байна.

Б.Тамираа
| Хорьдол Сарьдгийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгатай болголоо |
Сэтгэгдэл бичих