Нярайн шарлалтыг богино хугацаанд эмчлэх аппараттай боллоо
2026-11-09 12:50:16, 100

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай байсан 360°-ын нярайн фото шарлагын аппаратыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар шийдвэрлэн өглөө.

Тус аппарат нь нярайн цусан дахь билирубиний хэмжээг бууруулах, эмгэг шарлалтыг богино хугацаанд үр дүнтэй эмчлэхэд зориулагдсан орчин үеийн эмчилгээний төхөөрөмж юм. Фото аппаратын эмчилгээ нь хүүхдийн биед хоргүй, аюулгүй, хүүхдийн арьс салстыг гэмтээхгүй, үр дүн хамгийн өндөртэй арга юм. Энэхүү аппарат нь хүүхдийн бүх талаас нь 360°-аар зэрэг шардаг бөгөөд энгийн аппараттай харьцуулахад 4 дахин богино хугацаанд шарлалтыг бууруулдаг ач холбогдолтой.

Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг 360°-ын нярайн фото шарлагын аппараттай болсноор нярайн эмгэг шарлалтыг үр дүнтэй бууруулах, эмчилгээний чанар, үр дүнг сайжруулахад өндөр үр нөлөөг үзүүлэх боломж нэмэгдэж байна.

Нярайн шарлалт нь нийтлэг бөгөөд ихэвчлэн хор хөнөөлгүй өвчний улмаас нярайн арьс, нүд нь шар өнгөтэй мэт санагддаг. Энэ нь ихэвчлэн жирэмсний 38 долоо хоногоос өмнө төрсөн нярай болон хөхөөр хооллодог зарим хүүхдүүдэд тохиолддог.

Ерөнхийдөө нялх хүүхдийн элэг цусан дахь билирубиныг арилгах хангалттай боловсорч гүйцээгүйгээс болж нярайн шарлалт үүсдэг байна.

Цусны улаан эсийн задралын явцад ялгардаг билирубин хэт их хэмжээгээр цусанд хуримтлагдахад шарлалт үүсдэг .

Хүүхдийн элэг цусан дахь билирубиныг арилгахад хангалттай хөгжөөгүй бол энэ нь шарлалт үүсгэдэг. Нярайн эдгээр хэвийн нөхцөлөөс шалтгаалж шарлалтыг физиологийн шарлалт гэж нэрлэдэг. Ихэнхдээ энэ нь амьдралын хоёр, гурав дахь өдөр илэрдэг ажээ.

Б.Ганаа



Нярайн шарлалтыг богино хугацаанд эмчлэх аппараттай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0