“Хаадын угсаа залгамжилсан угийн бичиг” үзмэрийг танилцуулж байна
2026-11-09 13:48:53, 62

“Соёлын бүтээлч сар-2026” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Төв музей “Хаадын угсаа залгамжилсан угийн бичиг” үзмэрийг  иргэд олон нийтэд танилцуулж байна.

Хөвсгөл аймгийн Төв музейд Чингис хаанаас эхлэн бичсэн Халхын дөрвөн аймгийн ноёдын угийн бичгийн хүрдэн зураг "Хаадын угсаа залгамжилсан угийн бичиг" нэртэйгээр хадгалагдаж байна.

Тус бичмэл нь 71х71 см хэмжээтэй, бийрээр хар, улаан бэхээр дугуй хүрдэн хэлбэртэй нарны цацраг адил хэлбэртэй бичигдсэн бөгөөд тэх дунд нь дугуй тойрогтой, түүнээс гадагшилсан арван таван үетэй, хөндлөн болон босоо улаан зураасаар дөрвөн хэсэг болгож, дөрвөн аймгийг тус бүрд нь заагласан байдалтай байна.

Дундах дугуй тойрогт Чингис хаанаас эхлэн Гэрсэнзийн долоон хүүг хүртэлх угсаа залгамжлалыг дурджээ.

Тойргийн гадна талд аймаг бүрийн нэрийг болон өөлд хошууг хэд буйг тэмдэглэсэн байна.

Тайж нарын угсаа залгамжилсан болон салаа салбарыг улаан шунхаар зурж заагласан бөгөөд тус гэрийн үеийн бичмэлийг чухам хэдийд аль хаанаас хэн олж ирсэн тухай баримт музейн бүртгэл дансанд огт тэмдэглэгдээгүй байна.

Хэдийд бичигдсэнийг тодорхойлсон зүйл үгүй боловч бичигдсэн байдал, бичгийн ерөнхий хэв дардсыг ажиглах, сүүлчийн засаг ноёдын нэрс, цол хэргэмийн дэс, угсаа залгасан он зэргийг өөр хооронд нь харьцуулан үзээд эрдэмтэд 1800 оны сүүл үед бичигдсэн гэж үздэг гэдгийг Хөвсгөл аймгийн Төв музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа хэллээ.

Б.Ганаа 



“Хаадын угсаа залгамжилсан угийн бичиг” үзмэрийг танилцуулж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0