“Билэг ерөөлийн баяр” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-02-24 16:20:04, 123

Хөвсгөл аймгийн Төв музейд Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан “Билэг ерөөлийн баяр”  үзэсгэлэн дэлгэгдлээ.  

Тус үзэсгэлэнд дүүрэн бэлэгтэй түвшин жаргалтай амьдрахыг билэгдсэн сав болох авдруудыг танилцуулж байна.

 Авдар нь айлд буян тогтоож, эд баялаг дууддаг гэж монголчууд эртнээс хэрэглэж  ирсэн түүхтэй.

Айлын хойморт он цагийн уртыг элээн залрах авдар нь бурхан шүтээнийг дээрээ залсан, нандин бүхнийг дотроо агуулсан эрхэм сав юм.

 Ийм ч учраас авдар сав нь айлын гал голомтын нэгэн адил ариун гэгээн, эрхэм хүндтэй хогшил болдог.

Монголчууд эрт дээр үеэс нүүдэл хийдээ авдраа тусгайлан тоононы хамтаар тэмээ, тэргэнд ачаалж нүүдэг заншилтай.

Энэ нь нүүдлийн ая даахуйц бат бөх, хэв маягийн хувьд том, бага хэмжээтэйгээс гадна өнгө будаг, хээ хуар, зүмбэр, чимэг, зураг дүрслэл нь монголчуудын уламжлалт оюун сэтгэлгээ, урлаг, гоо сайхан, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой.

Монголчууд дэлхийн бусад үндэстний адил эртнээс төрөл бүрийн модоор олон нэрийн эд хэрэглэл чадварлагаар хийж ирсэн баялаг уламжлалтай.

Судлаачдын тэмдэглэснээр, монгол мужаанууд ахуйн хэрэгцээндээ 30 гаруй нэр төрлийн мод ашиглаж ирсэн бөгөөд түүний дотроос хар мод, хуш, нарс, зандан, гацуур зэргээр авдар хийх нь түгээмэл байжээ.

 

Б.Тамираа 



“Билэг ерөөлийн баяр” үзэсгэлэн дэлгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0