Ц.Ганболд: Харц ихэвчлэн үгнээс үнэн байдаг
2020-11-25 23:40:47, 446

Зохиолч Цэвэгжавын Ганболд өөрийн "Цэцүүхэй" нэрт тууж, өгүүллэгийн шинэ номоороо 2017 онд Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд Алтан-өд хүртсэн хоймор нутгийн шилдэг уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр 2010 онд "Хээрийн шүүх" хэмээх номоо уншигчдын гар дээр тавьж байсан. Зохиолч Ц.Ганболд  Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1968 онд төрсөн, бага наснаасаа утга зохиолд шимтэн дурласан бөгөөд богино өгүүллэг, тууж голлон бичдэг юм. Түүнийг ХАЙРЫН ТӨГӨЛ-д урилаа

Блиц анкет:

Овог нэр: Цэвэгжав Ганболд

Орд:  Хумх

Дуртай хоол: Гэрийн гурилтай шөл 

Хэлэх дуртай үг: Хүний хувь заяа агуу

Мөрөөдөл: Байгаа  /нууцлав/

Дуртай өнгө: Цагаан

 Бахархал: Оногдсон заяа тавилан минь юм даа

Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ:  Заавал хэлдэг

 Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Багтартлаа уурлаж хэ хэ

 Амьдралдаа мөрддөг журам: Хэлбэргүй үнэн байх

Уурлахдаа нүүрэн дээр чинь тодордог шинж: Уурлаад толинд харж байгаагүй юм байна

Худалдан авах дуртай зүйл: Ном, Кофе

Хамгийн сүүлд авсан бэлэг: Худалдан авах дуртай эдээ бэлгэнд авч байжээ

Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг нь онцолдог вэ: Харц. Харц ихэвчлэн үгнээс үнэн байдаг.

Дургүй хүн: Хэн нэгний нохойд барьдаг мод болж яваа хүнд. Өрөвдөх ч өширхөх ч хэцүү.

Кайф авдаг зүйл: Сайн сайхан бүхнээс...

Нууц авьяас: Байхгүй ээ

 

 

- Эрх чөлөө бол хайрын шинэ дайсан гэдэгтэй санал нийлэх үү ?

- Магадгүй бүр хуучны хуучин эрт цагийн дайсан ч байж мэдэх л байх даа.

- Амьдрал ганцхан хайр дээр биш ёс суртахуун дээр тогтдог гэж зарим нь ярьдаг ?

Ямар юмных нь хайр, ёс суртахуун байх вэ дээ. Зураг төөргөө зөрчиж амьдарсан хэн байгаа билээ. Тэгэхээр хайр ч бас зурлага. Хувь төөргийн зурлага үгүй бол хэчнээн хайр ёс суртахуун байгаад ч “Уучлаарай баяртай л” болно шүү дээ.

- Өөрийгөө хайрладаггүй хүнийг өөр хүн яаж хайрлах юм бэ гэсэн үг байдаг. Өөртөө хэр цаг гаргаж өөрийгөө хайрлаж байна ?

- За даа дэндүү хайр гамгүй үрэн таран явж ирсэн дэг ээ. Хайрлах төөрөгтэй хүмүүс нь өөртөө яаж хандахыг эс харгалзан бөөцийлөх байлгүй дээ.

 

- Таны анхны уран бүтээл ?

Гараар бичсэн гэхэд харьцангуй хурдан  ганц хоёр цагийн дотор бичсэн нэг өгүүллэг бий. Эрч чөлөө сонины хуучин дугааруудыг эргүүлбэл байгаа шүү. Нээрэн олж авах юм байна. Тэр өгүүллэг Эрх чөлөө сонинд “шууд” ажилд оруулж байсан даа. 90 ээд оны “Эрх чөлөө” сонины редакц Хөвсгөлийн уран бүтээлчдийн гал тогоо байсан юм даа. Тэр үеийн сонины эрхлэгч Ч. Нямжав гуай мөн ч олон уран бүтээлч залуусын ажил амьдралд тус болсон. Д. Ганчимэг, Б.Мягмаржав. Б. Батцэнгэл Отгонцэцэг гээд бүгд л Эрх чөлөө сонины редакцаас “хоолондоо” хүрсэн.

-Таны Алтан-Өд хүртсэн Цэцүүхэй номын нэр их содон санагддаг ?

- Цэцүүхэй ном ер нь хийсвэрлэл, төсөөллийн гэх тал руугаа юм шүү. Туужийн гол баатрын нэр л дээ.

- Алтан-Өд хүртэж байсан тэр агшныг эргэн дурсвал ?

-Үнэхээр сэтгэл хөдөлсөн сайхан мөч. Цэцүүхэйг хэвлүүлэхэд тусалж дэмжиж сэтгэл зүтгэлээ харамгүй зориулсан тэр хүмүүстээ талархах сэтгэл төрж байсан. Тиймээс ч тэр наадмын тайзнаас тэр хүмүүстээ талархсан сэтгэлээ илэрхийлсэн дээ.

- Зохиолчдын зарим уран бүтээлүүд эзэнтэй байдаг. Та хэн нэгэнд зориулсан бүтээл бий юу?

- Одоогоор эзэнтэй бүтээл алга л байна. Уг нь бодол бий шүү. Эх, эцэг, эмээ гээд ачлал элбэрэлт хүмүүстээ бүтээлээ зориулж бүтээлдээ мөнхжүүлэхсэн гэж боддог.

- Та богино өгүүллэг, тууж голлон бичдэг. Шүлэг бичдэг үү ?

- Залуудаа оролдож байсан. Одоо бичихээс ичиж бас айдаг. Залуус дүү нар сайн бичиж байна. Тэднийхээ хажууд би яаж бичиж зүрхлэх вэ дээ. Энэ цагийн Монголын яруу найргийн өнгийг тодорхойлж яваа яруу найрагчтай би чинь хундага тулгадаг азтай эр шүү дээ.

- Хайрын төгөлд тухалсан танд баярлалаа.Уран бүтээлийн олз омог дүүрэн байх болтугай.

- Баярлалаа.

Сэтгүүлч Б.Гантуяа 



Ц.Ганболд: Харц ихэвчлэн үгнээс үнэн байдаг