Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр, 240 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад орууллаа.

Хичээлийн байрны барилгыг улсын төсвийн 15.7 тэрбум, 240 хүүхдийн дотуур байрыг 10.3 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлжээ. Шинэ байр ашиглалтад орсноор сурагчдын суралцах болон амьдрах орчин сайжирч, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна. Дотуур байрны барилгын ажлыг “Идэрт нумт” ХХК гүйцэтгэжээ.

Тус байр нь гурван давхар бүрэн камержсан, эрэгтэй эмэгтэй тасгууд тус бүрдээ ариун цэврийн өрөө душ, халуун ус, угаалгын хэсэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусдаа өрөө, сурч, хөгжих орчин бүрдүүлсэн, амрах, зурагт үзэх, хичээл хийх, тоглож наадах стандартын орчин бүрдүүлжээ.

Тухайлбал, хүүхдүүд шатар, даам, шагайн харваагаар хичээллэх, цахим сургалтын өрөөнд хичээлээ давтах, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Мөн зурагт үзэх, тоглож наадах зориулалтын орчинтой.
Тус дотуур байр нь 240 хүүхдийн ор бүхий тусгай зураг төслөөр баригдсан бөгөөд сумын сурагчдын амьдрах, суралцах нөхцөлийг нэг дор бүрдүүлсэн шинэ загварын байр болжээ.
Галт сумын ерөнхий боловсролын сургуульд 1000 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд одоогоор дотуур байранд 260 хүүхэд амьдарч байна.

Б.Ганаа
| Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо |
Сэтгэгдэл бичих