Элсэлтийн шалгалт өгч буй хүүхдүүдэд нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчилж байна
2026-06-25 15:55:25, 519

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын санаачилгаар элсэлтийн шалгалт өгч буй хүүхдүүдэд нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчилж байна.

Замын хишиг компанийн 5 автобус Мөрөн хотын 4 чиглэлд өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ы өдрийг дуустал  үнэ төлбөргүй үйлчилнэ.

Хөвсгөл аймагт 2083 сурагч 12 дугаар ангиа төгсөж байгаагаас 1706 сурагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.

Давхардсан тоогоор нийт 5386 шалгуулагч 10 хичээлээр шалгалт өгнө.

Хүүхдүүдийг элсэлтийн шалгалтаа тайван, тав тухтай орчинд өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын зүгээс дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Үүнд шалгалтын үеэр Дэлгэрмөрөн, Ирээдүй ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах, тусгай автобусны үйлчилгээ явуулж, үнэ төлбөргүй үйлчлэх, шалгалтын үеэр эрчим хүчний тасалдалгүй ажиллагааг хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Засаг дарга Л.Төмөрбаатар: Элсэлтийн шалгалт өгч буй нийт сурагчдадаа өөртөө итгэлтэй байж, мэдлэг чадвараа бүрэн дайчлан, хүссэн сургуульдаа элсэн орохыг хүсэн ерөөе.
Хоймор нутгийн хойч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амьдралд тохиож буй хариуцлагатай, чухал мөчид нь тал бүрээс нь туслан дэмжиж, урам зориг, итгэл найдвар хайрлахыг нийт багш сурган ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, иргэддээ уриалж байна.
Эрдмийн харгуй нь үргэлжид гэрэлтэй байх болтугай" гэжээ.

Б.Тамираа

 



Элсэлтийн шалгалт өгч буй хүүхдүүдэд нийтийн тээврийн автобусаар үнэгүй үйлчилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0