“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөө Монгол Улсын баримталж буй ногоон, дижитал шилжилтийн бодлого, үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймагт 2028 он хүртэл хэрэгжих юм.
Төсөл хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тогтвортой туршлагыг сурталчлах, мэргэжлийн болон техникийн боловсролыг сайжруулах, ногоон технологийг нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлж, амьжиргааг сайжруулж, экосистем, биологийн олон янз байдлын уян хатан чанарыг бэхжүүлж улмаар ирээдүй хойч үеийн тогтвортой байдлыг хангахад чиглэх юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар Хөвсгөл аймагт ойн салбарын 100 жилийн ойн баярт оролцож, энэ үеэр төслийг Хөвсгөл аймагт эхлүүллээ.
Энэхүү төсөл нь Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн үргэлжлэл 2-р дугаар шатны төсөл юм.
Төслийн нээлтийн үеэр Элчин сайд Ина Марчюлёните “Хөвсгөл аймгийн ойн салбарын 100 жилийн ойн баярт оролцож буйдаа туйлын баяртай байна. Энэ түүхэн ой дээр, дараагийн 100 жилийн хөгжил дэвшлийн эхлэл дээр хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийг Хөвсгөл аймагт эхлүүлж байгаад талархаж байна.
Энэ төсөл амжилттай болох гол цөм бол орон нутгийн ойчид, иргэдийн арвин мэдлэг туршлага, хамтын ажиллагаа юм” гэдгийг онцолж байлаа.
Төслийн хүрээнд хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлт болон жендэрийн тэгш бус байдалтай холбоотой дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан, хөдөө аж ахуй болон ойн салбарын бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, нэгдсэн, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуй болон ойн байгаль орчны менежментийг дэмжих юм.
Мөн хөдөө аж ахуй болон ойн аж ахуй дахь уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшилтэй хамтран хөдөө аж ахуй, ойн салбарын мэргэжлийн болон техникийн мэргэжлийн боловсрол, сургалтыг сайжруулахыг зорьж байна.
Б.Ганаа
“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийг эхлүүллээ |
Сэтгэгдэл бичих