Б.ГЭРЭЛНЯМ : ҮРЭЛТЭЭС ГАЛ, ҮЕРХЭЛЭЭС ХАЙР ҮҮСДЭГ ГЭДЭГ
2018-05-31 17:11:18, 1628
Шинэ өглөөний ургах нартай уралдан шинэхэн дугаараа тарааж, дараагийн сониндоо ямар мэдээлэл хаанаас бэлтгэх, сонингоо хэрхэн хэвлүүлэх зэрэг бодол ар араасаа ундраатай. Зав чөлөөнд нь хөөрхөн охиноо сургуульд нь хүргэнэ. Эмэгтэй хүн болсон хойно ар гэрийн ажил мөнхөд ундраатай. Энэ л их ажлыг төвөггүйхэн амжуулаад сурчихсан бүсгүйг Бямбадоржийн Гэрэлням гэдэг. Түүнийг "Эрх чөлөөгийн охин" гэвэл илүү олон хүн танина. Арга ч үгүй юм. Хөвсгөлийн их түүхийн хуудас болсон "Эрх чөлөө" сонинг нуруундаа үүрч галыг нь манаж яваа чадварлаг бүсгүй. Түүнтэй "Хайрын төгөлд" хэсэг саатлаа. 
 
Блиц анкет
Овог нэр:Бямбадоржийн Гэрэлням
Орд: Мэлхий
Мэргэжил:Сэтгүүлч, Багш
Дуртай хоол: Банштай цай
Хэлэх дуртай үг: Цаг хугацаа бүхнийг харуулна
Мөрөөдөл: Хэн нэгэнд хэрэгтэй амьдарч, эрүүл байхыг мөрөөддөг
Дуртай өнгө: Ногоон, улаан
Таны бахархал: Гэр бүл
Амрах дуртай газар: Хөдөө нутагт
Баярласан сэтгэлээ яаж илэрхийлдэг вэ: Алгаа ташиж...
Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Өнөөдөр /өнөөдөр бүхэн жаргал/
Салахыг  хичээдэг  муу  зуршил :  Зорилгоосоо заримдаа ухардаг
Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Намайг хүрээлж буй танилууд...
Бухимдлаа яаж илэрхийлдэг вэ: Уйлж
Амьдралдаа мөрддөг зарчим: Шударга байх
Уурлахаараа нүүрэн дээр чинь тодордог шинж:  Улайдаг
Худалдаж авах дуртай зүйл: Гол тогооны хэрэгсэл
Өөрийг тань чимдэг зүйл: Хөгжилтэй зан
Хамгийн сүүлд авсан бэлэг: Шигтгээтэй үзэг
Анх танилцсан хүнээсээ хамгийн түрүүнд юуг
нь онцолдог вэ: Үнэн, худал хоёрыг 
Дургүйхүн:Худалч хүнд
Кайф авдаг зүйл: Сониныхоо өрөөнд чимээгүй сууж “Зураглал” аа бичих
 
 
- Баярын энэ өдөр манай "Хайрын төгөл"-д хэсэг тухлахыг урьж байна. Эх үрсийн баярын энэ өдөр хэрхэн баярладаг вэ ?
  Баярлалаа. Эх үрсийн баярын мэнд хүргэе. Гэр бүлийнхэнтэйгээ аялал, амралтанд явах, аав, ээждээ очих зэргээр өнгөрөөдөг дөө.
- Гэр бүлээ танилцуулаач 
  Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Манай охин Үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн 1-р ангийг дүүргэж байна. Нөхөр хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
-  Ханьтайгаа танилцаж байсан дурсамжаас хуваалцвал?
   Бидний аав, ээжүүд хоорондоо ойрхон нутагладаг хүмүүс байсан. Тэгээд л танилцаж, 2011 онд гэр бүл болсон.
- Эрх чөлөө бол хайрын шинэ дайсан гэдэгтэй санал нийлэх үү
Тийм шүү. Санал нийлдэг.
- Амьдрал ганцхан хайр дээр биш ёс суртахуун дээр тогтдог гэж зарим нь ярьдаг. Таны бодлоор ?
 Үрэлтээс гал, үерхэлээс хайр үүсдэг гэдэг дээ. Мэдээж хоёр хосын амьдрал холбох эхний алхам нь хайр. Тэгээд хайраа итгэлцэл, ёс суртахуун, амьдралын хариуцлага зэргээр бэхжүүлдэг байх гэж би боддог. 
- Өөрийгөө хайрладаггүй хүнийг өөр хүн яаж хайрлах юм бэ гэсэн үг байдаг. Өөртөө хэр цаг гаргаж өөрийгөө хайрлаж байна ?
Тэр үгтэй 100 хувь санал нийлдэг ч яг өөртөө цаг, зав гаргахдаа маруухан. Ядаж л сурах, хөгжих, эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуулахаа бүрэн орхигдуулдаг юм байна. Бусдын, хэн нэгний төлөө ажиллаж, хөдөлмөрлөж, сэтгэл санаагаа  чилээж чаддаг ч өөрийнхөө эрүүл мэндийг хохирч байгааг анзаардаггүй юм билээ. Тиймээс залуустаа эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж ажил, хөдөлмөрөө хуваарилж өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж байгаарай гэж захъя. Ер нь бидний ажлын онцлог нь хүний төлөө ажиллаж, өөрсдийгөө умартдаг шүү дээ. 500-аас дээш цалинтай багш, эмчийн төлөө санаа зовинож ажилладаг мөртлөө өөрсдөө ямар хангамж, цалинтай ажилладагаа ч мартдаг. 
- Орон нутагт хэвлэл мэдээллийн салбарт тэр дундаа 70 гаруй жилийн түүхтэй "Эрх чөлөө" сонины дугаар бүрийг алгасахгүй гаргана гэдэг маш их хөдөлмөр шүү дээ. Хөвсгөлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Хэд дэхь дугаараа гаргаж байна. 
Баярлалаа. Хөвсгөлчүүдийн ууган хэвлэл “Эрх чөлөө” сонины үе үеийн редакцийнханы хариуцлагатай ажлыг үргэлжлүүлж яваадаа бахархдаг. Манайх  өнөөдөр  24 дэх дугаарын эхээ боож байна. Графикаараа бол 6-р сарын дугаараа хэвлэлтэнд дамжуулж, төлөвлөгөөгөө эхний хоёр улирлын байдлаар давуулан биелүүлж байна гэсэн үг. Нийтдээ 5553 дахь дугаар хэвлэгдэх гэж байгаа. 
- Сонин дугаар гарах бүртээ санхүүжилт шаарддаг. Энэ асуудлыг яаж давж байна.
Долоо хоног бүр шинэ дугаар хэвлэлтэнд дамжуулахад тулгардаг хамгийн хүндхэн сорилт бидний хэвлэлтийн зардал байдаг. Их санаа, сэтгэл зовоодог ажил болоод ч тэр үү заримдаа халшрах үе байдаг. Тэглээ гээд олон хүмүүсийн оюуны үнэт бүтээл бусад аймагт байхгүй түүхтэй сонины дугаарыг таслах эрх надад байхгүй гэдэг сэтгэлээр 8 жил салж чадалгүй ажиллаж иржээ. Сонин хэвлүүлэх санхүүгийн асуудлыг хамтран ажиллагч олон байгууллагуудынхаа ач буянаар даван туулж, тэдний мэдээ мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгснөөр бидний бат бөх олон жилийн хамтын харилцаа оршдог юм. Манай сонины редакци хамтран ажиллагч байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний итгэлийг алдалгүй ажилладаг болохоор нүүр бардам ажил, үйлчилгээгээ хамтран  явуулдаг. Цаашид хамтран ажиллагч түншүүд, иргэдийн гүүр нь болж ажиллах итгэл, урам зориг надад байдаг шүү. Орон нутгийн сонин аж ахуйн ажил ихтэй. Цаг зав бага гардаг болохоор сэтгүүлч хөгжих боломж хомс байдаг.
- Би сонсч байсан юм .Эрх чөлөө сонины шинэ дугаарыг аваад хамгийн арын нүүрийг түрүүлж унших дуртай гээд нэг хүн хэлж байсан. Хайр болоод насанд хүрэгчдэд зориулсан зөвлөгөө их таалагддаг бололтой 
Тийм. Хүмүүс сонины шинэ дугаарыг гүйлгэж хараад л “Буруу хойшоо” булан буюу сексийн тухай мэдээлэлд хараа нь тогтдог. Тэгэхээр хүний унших, сонсох хэрэгцээ нь юу байна гэдгийг олж хардаг ч нийгэм, улс төр мэдээллийн сонин шар сонин шиг тийм зүйлсийг тэр болгон тавиад байх боломжгүй байдаг ч багахан зайг түүнд зориулахыг хичээдэг.
- Сүүлийн үед таны бодролуудыг их уншиж байгаа. Гэхдээ жаахан дутуу төгсөгчихөөд байна уу гэж бодохын. Үргэлжилсэн үгийн төрөлд хүч үзэх цаг болсон юм шиг санагдаад. Томоохон бүтээл удахгүй төрөх байх аа ?
Ер нь цахим орчинд хүмүүс нэгнийгээ муу муухай үгээр хэлэх, зарим нь хэн нэгнийг  үхээсээ гэж хараахыг хараад их харамсдаг. Болохгүй бүтэхгүй зүйлсийг заавал харааж, үхүүлж, цухалдахдаа биш өөр өнцгөөс иргэдэд ойлгуулахыг хичээж байгаа. Бодрол, зураглалаараа энгийн үгээр бүх нийтийн хэрэгцээг хангахуйц хялбар ойлгогдох зүйлийг бичиж тэдэнд зөв мэдээлэл олгохыг зорьж байна. Хүмүүс үргэлжилсэн үгийн төрөлд бичиж, ном бүтээх хэрэгтэйг зөвлөдөг. Одоохондоо тийм хэмжээнд боловсроогүй яваа гэж өөрийгөө дүгнэж байгаа ч бүтээл туурвих хэтийн зорилго бий. /инээв/
- Байгаль орчны чиглэлээр суралцаж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулаач 
“Ой бүхийаймгуудынбиологийнолонянзбайдлынхамгаалал, ойнтогтвортойменежмент, нүүрстөрөгчийнхуримтлалыгнэмэгдүүлэхтөсөл”-ийнхүрээнд “Монгол орны ой ба сэтгүүлчдийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалтанд аймгаасаа хамрагдан  оролцож байгаа. Байгаль орчин, тэр дундаа ойн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд сургалтын гол зорилго оршиж, сургалтанд хамрагдсанаар Монгол орны ойтой холбоотой суурь мэдээлэлтэй болсон. Энэ сургалт маань Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батшэрээт сумдын нутагт явагдаж, дараагийн нь сургалт Булган, Дархан-Уул аймгийн ойн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж,  манай аймагт гол сурвалжлах ажил явагдна. Ойн чиглэлээр мэргэшүүлэх энэхүү сургалтын хүрээнд сонин, цахим орчинд  танин мэдэхүйн булан ажиллуулж, иргэдэд  мэдээлэл өгөхийн зэрэгцээ тэднийг ой хамгаалах, хайрлах,  ойн хортонтой тэмцэх  сэтгэлгээтэй болгох  зорилт тавин  суралцаж  байна. 
Баярлалаа баярын өдөр хамтдаа "Хайрын төгөл"-д саатсанд баярлалаа. Аз жаргал эрүүл энхийг хүсье .
“Хайрын төгөл” буландаа урьсанд талархлаа. Эх үрсийн баярын өдөр хүүхэд бүхэн гэр бүлдээ аз жаргалтай, ээжүүдийн сэтгэл амгалан байх болтугай. Хөдөөгийн уул талдаа эзэн суусан малчид, азай буурлууд, алдрай бяцхан үрс, хөдөлмөрч хичээнгүй Хөвсгөлчүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэе. 
Б.Гантуяа 


Б.ГЭРЭЛНЯМ : ҮРЭЛТЭЭС ГАЛ, ҮЕРХЭЛЭЭС ХАЙР ҮҮСДЭГ ГЭДЭГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0