Өглөөний нартай уралдан ажилдаа ирж үдшийн бүрий хүртэл амрах завгүй ажилласаар нэг л мэдэхэд харих болчихсон байдаг гэнэ. Тэрээр гэр лүүгээ яарах бус харин засч байгаа гутлаа хурдан дуусгаад өгчих юм сан гэж ажилдаа яарсаар энэ олон жилүүдийг үджээ. Түүнийг Пүрэвийн Энхтайван гэдэг. Хүнсний захын гурилын хашаанд байрлах энэ дөрвөлжин байшинд түүний ажил, амьдрал хөвөрнө. Түүнийг зорин ирж буй иргэд өдөрөөс өдөрт нэмэгдсээр. Хамгийн гол нь түүний зассан гутал бүрт үйлчлүүлэгч нь сэтгэл ханамжтай байдаг юм. Монгол цэргийн баярын энэ өдөр өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр амьдрал, ар гэр, үр хүүхдээ авч яваа Монголын олон мянган аавуудын төлөөлөл болсон Мөрөн сумын “Ар дулаан” гутал засварын гуталчин П.Энхтайвантай ярилцлаа.
- Танд Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулаач ?
- Баярлалаа. Танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Мөн нийт хийморлог эрчүүддээ баярын мэнд хүргэе. Намайг Пүрэвийн Энхтайван гэдэг. Хөвсгөл аймгийн Бүрэнхаан багт 1970 онд төрсөн. Аав маань Хатгалын модны үйлдвэрт ажиллаж байгаад тус үйлдвэр нь тарсан учраас аав ээжийн хамт Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйд шилжиж очсон. Тэнд сургууль соёл төгсөөд, цэргийн алба хаагаад Улаанбаатар хотод очиж хийж болох олон төрлийн ажлыг хийж явлаа.
- Та гутал хэзээнээс засч эхэлсэн бэ ?
- Би анх Улаанбаатар хотод Хар хорин, Дэнжийн 1000, Нарантуул дээр гутал засч байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 22 жил гутал засчээ. Аав ээж маань нас өндөр болсон учраас нутаг усаа бараадъя, намайг ч ах дүүстэйгээ танилц гээд 2004 онд аймагтаа ирсэн. Өнөөдөр эргээд бодоход олон жил маш хурдан өнгөрчээ. Энэ хугацаанд ирсэн хүн бүрт сэтгэл гарган үйлчилж өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон нь ажлын минь үр дүн юм даа.
- Таны өдрийн орлого хэд байдаг вэ ? Иргэд ямар үед илүү их үйлчлүүлж байна.
- Баяр ёслолын үед, хүйт орохоос өмнө гээд тодорхой үе байдаг. Энэ өдрүүдэд ачаалал маш их бүх хүн л яарсан байдаг. Ачаалал ихтэй үед өдөрт зуун мянга нэлээн хол давна шүү. Харин энгийн өдрүүдэд 30 гаран мянгатай байдаг. Орсон орлогоны маань гуравны нэг нь материалдаа зарцуулагддаг. Гэхдээ хөдөө орон нутагт болоод л байна. Олон түмний буянд өмсөх хувцастай, идэх хоолтой, унах унаатай сайхан амьдарч явна. Энэ дашрамд манайхаар үйлчлүүлдэг бүх хүмүүст маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлчихье.
- Сүүлийн үед иргэд ажил олдохгүй байна гэх юм. Та ажлын байр олгох зорилгоор сургалт явуулдаг уу ?
- Өнөөдөр ажилгүй иргэд маш их байна. Гэвч ажлыг голж шилж байгаа нь харамсалтай.Магадгүй зарим нь гутал засахаас ичиж байж ч болох юм. Миний хувьд та ажлыг голж хэзээ ч болохгүй. Харин та өөрөө л ажил хийж чадахгүй бол гологдоно гэдгийг хэлмээр байна. Би нэг ч гэсэн айл өрхийг хоол ундтай орлоготой байгаасай гэж бодоод таньдаг найз нөхөд, ах дүүгийн хүүхэд зэрэгт хүрээд ир заагаад өгье гэж санал тавьж байсан. Хөдөө орон нутаг сумаас ороод ирээ гэж ч хэлж үзсэн. Ихэнхдээ ирдэггүй юм. Зарим нь хэдэн төгрөг өгөх вэ гэж байх жишээний ийм л байна. Хийж суръя гэсэн чин сэтгэлтэй хүмүүс их ховор байх юм.
- Сэтгэлээсээ хийсэн ажил бүхэн хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгдөг гэж та хэлж байсан.
- Тиймээ. Би амьдрахын тулд олон ажил хийж явсан гэж дээр хэлсэн. Үнэн юмыг нуугаад яахав. 1990 он хүнсний бараа картаар олгогддог. Ажил байхгүй олдохгүй ийм л хүнд үе байсан. Би ажил олдохгүй байна гэж архи ууж, гудамжинд гараагүй. Вагон буулгаж, зам цэвэрлэж, явсан. Хар хорин захад хонины толгой зардаг цех байгуулж хонины толгой зарж ч байсан. Би амьдрахын тулд олон жил хар бор ажил хийж явсан. Хүмүүс намайг мэднээ. Гэхдээ би хар бор ажлыг хийхдээ хэзээ ч ичиж байгаагүй. Эдгээр ажлууд дундаас гутал засах ажлыг сонгон авч 20 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөсөөр ирсэн. Намайг зориод ирж байгаа хүнд би сэтгэлээсээ үйлчилдэг. Өөрөөр хэлбэл ганцхан хазайсныг нь тэгшилж, урагдсаныг нь оёх бус цахилгааныг нь тослоод, гутлыг нь өнгөлөөд өгдөг. Хүмүүс баярлалаа гээд л явдаг. Хүн бүрт сэтгэлд хүрсэн үйлчилгээ хүргэх нь миний үүрэг гэж ойлгодог. Үүний үр дүнд би өдөр бүр 30-60 мянган төгрөгний тогтмол орлоготой болж, байнгын намайг зориод ирдэг, байхгүй үед гэрээс хүртэл очоод авдаг үйлчлүүлэгчтэй болж чадсандаа баярлаж явдаг юм.
- Та гэр бүлээрээ ажилладаг уу ? Хүүхдүүддээ өөрийн ажлаа сургасан уу ?
- Тиймээ. Эхнэр маань гутал оёдог. Хоёулаа л ажиллаж байна. Хүүхдүүд маань багаасаа намайг дагаж сурсан. Шаардлагатай үед өөрийнхөө гутлыг засаад хэн нэгэнд туслах чадвартай болсон одоо өөрсдийн ажлаа тус тусдаа хийж байгаа. Манайх 6 хүүхэдтэй, хүүхдүүд маань том болж бид хоёр 5 зээтэй болсон.Олон түмний буянд өнөр өтгөн хүний дайтай сайхан амьдарч явна.
- Та мөнгөний гахай хийдэг. Хэдийд нь амжуулж байна ?
- Би багаасаа зурах дуртай бага зэрэг гарын дүйтэй юм. Өөрийн сонирхол найз нөхдийн зөвлөгөө тусламжаар мөнгөний гахай хийж сурсан. Одоо 5-6 төрлөөр хийж байна. Мөнгөний гахай хийхэд цаг хугацаа хүн хүч их шаарддаг. Энэ ажлыг 4-5 хоног орхиж байж хийх хэрэгтэй. Наадмаас хойш хүн бүр аялал зугаалга, амралт гээд гутал засвар хэсэг амардаг. Энэ үеэр л амжуулна шүү дээ. Зарим нь их амархан өдөр бүр хийдэг ажил гэж ойлгоод ганц нэгээр захиалаад байдаг юм.
- Тогтмол суугаа ажилтай хүмүүс хөдөлгөөний дутагдалд их ордог гэдэг ?
- Харин тийм шүү. Байнга тонгойж суухаар толгой хүзүү хөших наад зах нь. Би чинь чөлөөт цагаараа хөнгөн хөгжмийн аянд хөл нийлэн бүжих дуртай. Аймгийн бүжгийн холбооны гишүүн долоо хоногт 2 удаа бүжгэндээ орж алжаал ядаргаагаа тайлдаг.
-Цаашид гутлаа засах, гахайгаа хийх томоохон ажлын байр шаардлагатай болох нь дээ танд ?
- Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг үг бий. Энэ сайхан олон түмнийхээ дэмээр амьдарч яваа болохоор засварын газраа томруулах бодол бий. Гэхдээ надад зах дээр бол газар олдохгүй байх аа. Хашаандаа өөрийн гэсэн ажлын гутлын цех, гахай хийдэг цехтэй болно доо гэж бодож байгаа.
- Баярлалаа танд амжилт хүсье ?
- Танай хамт олонд маш их баярлалаа. Би энгийн үед их хээгүй ярьдаг хүн. Сая нэлээн сандарлаа шүү .
гэсээр бидний яриа өндөрлөв. Биднийг ярилцах зуур гутлаа засуулах гэсэн хүмүүс ирээд хүлээж байлаа. Тэрээр алхаа барин ажилдаа орлоо.
“Тиймээ ажил хийвэл ам тосдоно” гэдэг ардын сайхан үгний утга учир энэ буюу.
Сэтгүүлч Б.Гантуяа
Гутал засварчин П.Энхтайван : Хүн ажлыг хэзээ ч голж болохгүй |
|
Сэтгэгдэл бичих