“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Мөрөн хотыг тойруулан ойн зурвас байгуулна
2022-04-11 22:29:42, 1654

Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц  481.3  сая шоо.метр байгаагаас шинэс мод  95.3  хувийг нь  эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлж, ойн нөөцөөрөө улсад тэргүүлж байна. Ойн нөөцөөрөө улсад тэргүүлдэг хэдий ч сүүлийн үед хуурайшилт, цөлжилт, газрын доройтолд орсон газруудын хэмжээ нэмэгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарьж ургуулах хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт хийж хэрэгжүүлэх ажлын талаар аймгийн БОАЖГ-ын дарга П.Мөнхжаргалтай ярилцлаа.

 

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймаг хэдэн мод тарих зорилт дэвшүүлсэн бэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарьж ургуулах 2021 оны 58 дугаар зарлиг гарч энэхүү ажил улс орон даяар өрнөж байна.  Улсын хэмжээнд 10 жилийн хугацаанд “Тэрбум мод тарих” төлөвлөлт гарсан бол Хөвсгөл аймгийн хувьд 20 сая мод тарих төлөвлөгөө гарган анхан шатны ажлуудыг хийж эхлээд байна. Энэ жил 20.0 сая модноос 793.693 ширхгийг хамгаалалтын ногоон зурвас, ногоон байгууламж, ойжуулалтын ажлаар тарих тооцоолол гаргасан.

- Сүүлийн 5 жил хэчнээн мод, бут, сөөг тарьсан бэ?

- Хөвсгөл аймагт 2017 онд 10.000, 2018 онд 56.849, 2019 онд 30.000, 2020 онд 14.757, 2021 онд 42.063 ширхэг мод тарьсан. Өөрөөр хэлбэл сүүлийн  таван жилийн хугацаанд 153.6 мянган ширхэг мод, бутыг тарьсан байна.

-“Тэрбум мод тарих” хөдөлгөөний хүрээнд мэргэжлийн байгууллагууд хэрхэн нэгдэж оролцох вэ?

- Ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгөөр бэлтгэсэн хэрэглээний модны 100мтутамд 2 га талбайд ойжуулалтын ажил хийж гүйцэтгэдэг. Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 80 гаруй ойн мэргэжлийн байгууллага хамтран мод тарих үйл ажиллагаанд оролцоно. Ойжуулалтын ажилд 1 га талбайд 2000-2500 ширхэг мод тарьдаг.

Мөн түүнчлэн “Бүх нийтээр мод тарих” үндэсний өдрүүдээр аж ахуй нэгж, албан байгууллагуудын оролцоотой нийтийн эзэмшлийн талбайд мод тариулах, түүнийг арчлан ургуулах ажлыг зохион байгуулна.

-Мэргэжлийн бус байгууллага,  аж ахуйн нэгж иргэдийг хэрхэн идэвхжүүлж оролцуулах вэ?

- Байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн амьдарч, ажиллаж буй орчинд болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж оролцоно. 20 сая модыг ойжуулалт, ойн зурвас, ногоон байгууламж гэсэн 3 төрлөөр мод тарина.

Хөвсгөл аймаг ойн нөөцөөрөө  улсад тэргүүлдэг хэдий ч сүүлийн үед хуурайшилт, цөлжилт, газрын доройтолд орсон газруудын хэмжээ нэмэгдэж байна.

-Мод тарих нэг хэрэг. Хамгийн гол нь арчилж тордож ургуулах нь чухал шүү дээ. Энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Тийм ээ. Энэ бол хамгийн чухал асуудал. Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас ойн зурвас байгуулах ажлын нэг жилийн арчилгаа, хамгаалалтын асуудлыг тооцоолсон. Өмнөх жилүүдэд арчилгаа, хамгаалалтын зардал байхгүй байдаг байсан. Энэ жилээс 1-3 жилийн хамгаалалтын зардлыг шийдвэрлэхээр тусгаж өгсөн тул ахиц, дэвшил гарна гэж найдаж байгаа.

- Хөвсгөл аймгийн Засаг даргын “Ногоон суварга босгоё” аяны хүрээнд ямар үр дүн хүлээж байна?

-Аймгийн Засаг даргын санаачилсан “Ногоон суварга босгоё” аяны хүрээнд мод тарих ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 албан даалгаврыг гаргаж, сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн. Албан даалгаврын дагуу суманд ажиллаж байгаа аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдийн оролцоотой мод тарьж ногоон суварга босгох ажил үе шаттайгаар урагшилна гэж найдаж байна.

-Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зурвасуудыг хаана байгуулахаар төлөвлөж байна .Ойн зурвастай болсноор гарах үр дүн?

-Мөрөн сумыг тойруулан ойн зурвас хийнэ. Мөн Улсын чанартай авто зам дагуу ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулан ажиллах төлөвлөгөө гарган анхан шатны ажлуудыг хийсэн. Мөрөн суманд ойн зурвас байгуулах ажлыг Уран мандал уулын араас 1.5 га талбайд өнгөрсөн намар эхлүүлсэн. Мөн Түнэл сумын талын хонхор буюу Улаанбаатар хот чиглэлийн авто зам дагуу улсын төсвийн хөрөнгөөр 10 га талбайд хамгаалалтын ойн зурвас хийх, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж эхэлнэ. Үнийг дагаад орон нутагт байнгын болон түр ажлын байр бий болж олон үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. 

Б.Гантуяа 



“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Мөрөн хотыг тойруулан ойн зурвас байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-15 22:40:07
    Зочин: Явган хүний зам автомашины зам хоёрын хооронд мод тариач явган зам автомашины зам нэг дор байж болохуу хүүхэд нэг нэгнээ тоглоом шоглоомоор замруу түлхэж бна энэ байдал юунд хүргэх вэ анхааралдаа авна уу