Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн бэлэгтэй Монгол түмэн миний их наадам айсуй.
Хөвсгөл аймгийн баяр наадмын нээлт, хүндэтгэлийн тоглолт зэрэг арга хэмжээний онцлогийн талаар Ерөнхий найруулагчаар ажиллаж буй Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдингаас тодрууллаа.
- Баяр наадам хаяанд ирлээ. Иргэдийн хамгийн их сонирхдог зүйл бол баяр наадмын нээлт байдаг. Энэ жилийн аймгийн баяр наадмын нээлтийн онцлог юу байна ?
- Энэ жилийн баяр наадмын нээлтийн арга хэмжээг “Хөгжин цэцэглэсэн Хөвсгөл” гэсэн нэрийн дор найруулж байна. Нээлтийн арга хэмжээний нэг онцлог бол Гал бадраах ёслол болно.
Төрийн баяр наадмын гал бадраах ёслол бол ард түмний цог золбоог бадраах бэлгэдэл бүхий байдаг. Гал бадраах ёслолын дараа бүх хүмүүс хадгаа дэлгэн хурайлах юм. Энэ нь “Хөгжин цэцэглэсэн Хөвсгөлчүүдийн их цэнгэлийн хурай юм шүү.
Наадмын нээлтийн бүтээл туурвилын онцлогийн хувьд манай зураач Б.Далай-Эрдэнийн зохиомжоор бүтээгдэж буй тайзны загвар зохиомж нь Буган сүлдний бэлгэдлийг шингээсэн, Их хаадын тамганы соёлыг харуулсан нэлээд өвөрмөц тайз бүтээж байна.
Үндэсний баяр наадам бол үндэсний өв соёл, түүх шастираа дээдлэх , түүнийг бүтээсэн ард түмний бахархлын цэнгэл баяр юм гэдэг агуулга дор бид бэлтгэж байна.
Манай ХДТ-ын хөөмийч И.Анхбаяр бид хоёрын хамтын бүтээл, Нисванисын Б. Цацралын найруулга бүхий "Чингүнжавын магтаал" нэртэй хөөмэйн шинэ бүтээлийг наадмын нээлтэд үзэгч түмэндээ өргөн барина.
Мөн Далай Чойнхор вангийн хошуу ноён Гэмпилдорж бээр зохион дуулсан өдгөө Монголын айзамт уртын дууны манлай болсон " Сэрүүн сайхан хангай"-гаа бид төр түмний хүндэтгэлийн дуун өргөл болгон оруулна.
Хөвсгөл аймгийн баяр наадам Төрийн цэргийн хүрээний байгууллагуудын баярын жагсаалаар эхлэх болно.
Учир нь 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн далбааны өдөр” болгон зарласан. Иймээс хүндэтгэлийн жагсаалаар баяр наадам эхлэх нь зохилтой гэж үзэж байна.
Энэ онд Монгол Улсын хэмжээнд Нисэх хүчин, Авто тээвэр, Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа явдалд хүндэтгэл болгон энэхүү 3 байгууллагын мэндчилгээ баярын парад зэргийг багтаасан хөгжин цэцэглэж буй Хөвсгөлчүүдийн их цэнгэл наадмын нээлт 7 дугаар сарын 10-ы өглөө 11 цагт эхэлж 11 цаг 40 минут гэхэд өндөрлөнө.
Ингээд Хөвсгөлчүүд та бүхнийг болон Хөх сувдын орныг зорин ирдэг гадаад дотоодын олон мянган аялагч жуулчид та бүхнийг Хөвсгөл аймгийн баяр наадмын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
-Хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна. Ямар ямар уран бүтээлчид оролцож байна ?
- Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх "Бүтээлч Хөвсгөлчүүд" бодлогын баримт бичгийн тулгуур үзэл баримтлалд үндэслэн уран бүтээлч бид бас хэр хэмжээний "Бүтээн туурвигч" юм бэ? гэдгийг харуулах зорилго бүхий "Хөвсгөл түмний их цэнгэл” нэртэй хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажил ид явагдаж байна.
Үүний хүрээнд бид шинээр уран бүтээл туурвих, хуучны сайхан бүтээлийг шинэчлэн сэргээж тавих, хөгжмийн найруулга бичлэг хийлгэх, үндэсний найрал хөгжмийн, хөгжмийн найруулга, уран бүтээлийн хувцас үйлдвэрлэл гээд бэлтгэл ажил ид дундаа явж байна. Аймгийн Засаг даргын шийдвэрээр манай театрын бүтэц орон тоонд нэн ялангуяа уран бүтээл ангийн орон тоо нэмэгдсэнээр бид шинэ залуу уран бүтээлчдээр өргөжин тэлж дуу бүжиг хөгжим ангиуд маань нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Тоглолтын бэлтгэлийг тус театрын уран сайхны удирдагч УГЗ С.Дашням удирдан зохион байгуулж УГЗ Д.Нацагдорж хөгжмийн найруулга дээр болон удирдаачаар ажиллаж байна.
Мөн Эрдэнэтийн Соёлын ордны ёочин хөгжимчин СТА Н.Далайцэцэгийг урьж ажиллуулж байна.
-Аливаа уран бүтээл, тоглолтод бүтээл үйлдвэрлэлийн зардал санхүү гээд нэлээд асуудал байдаг шүү дээ. Энэ тал дээр ?
-Тиймээ. Энэ бол уран бүтээлч бидэнд тулгардаг том асуудал. Уран сайхны удирдаачийн маань зохиол "Найман шарга" дан найрал хөгжмийн бүтээл, УГЗ Д.Нацагдоржийн найруулгаар алдарт "Үүлэн бор" гоцлол морин хуурын бүтээл УГЗ С.Дашнямын "Дэлтэй цэнхэр" эмэгтэй дан найрал, СТА А.Гантулгын дэглэлт орчин үеийн арт чиглэлийн шинэ бүжиг гээд олон бүтээл ихэвчлэн шинээр тавигдаж байна. Дээрх бүтээлүүдийг туурвиж гаргахад гол нь шинэ хувцасны үйлдвэрлэл, хөгжмийн найруулга бичлэг гээд санхүүтэй холбоотой нэлээд асуудал байсан ч Засаг даргын зөвлөлийн хурлаар хорь гаруй сая төгрөг баталж өгсөн нь бидний уран бүтээлд их нэмэр болж байна.
Мөн театр маань орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6х8 хэмжээтэй шинэ лед дэлгэцтэй болсон нь бидний уран бүтээлийн тайзны зохиомж найруулгад машид чухал үүрэг гүйцэтгэж байна.
Би яг өнөөдөр Хөвсгөл аймгийн хүн зон, мал аж ахуйн онцлог бүхий цаа буга, цаатан иргэдийн маань суурьшил бүхий Цагааннуур сумын 40 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн тоглолт болон наадмын нээлтийн найруулагчаар ирээд 7 хоног Цагааннуурт ажиллаж байна.
Гэхдээ аймгийн баяр наадмын нээлтийн арга хэмжээний хөтөлбөрөө ажлын хэсэг, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулаад батлуулчихсан. Манайхан дор бүрнээ бэлтгэл ажлаа хийж байна.
Өнөөдрийн байдлаар манай зураач Б.Далай-Эрдэнэ Ариунболд нар тайзны үйлдвэрлэлээ хийгээд ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байна.
Эрдмийн далай болон Дэлгэрмөрөн сургуулийн зааланд Мөрөн сумын 8 сургуулийн 80 гаруй хүүхдүүд баяр наадмын нээлтийн бүжгийн бэлтгэлийг хийж байна.
Мөн аймгийн Бүжгийн холбооны 50 хос маань нээлтэд оролцох өөрсдийн бүжгийн бэлтгэлээ өөр өөрийн клубүүд дээрээ хийж байна.
Цэргийн хүрээний байгууллагууд тэр дундаа Хилийн Цэргийн 0257 -р ангийн үлээвэр, найрал хөгжмийн хамт олон цэргийн парадыг хариуцан бэлтгэлээ хийж байна.
Хамгийн гол нь үзэгчид, наадамчид маань 11 цаг гэхэд баяр наадмын талбайдаа хүрэлцэн ирээрэй. Дэлгэрмөрөнийхөө хөвөөнд дэнж хотойтол сайхан наадацгаая гэж урьж байна.
- Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Сэтгүүлч Б.Гантуяа
Ж.Даваадамдин: Баяр наадмын нээлтийг “Хөгжин цэцэглэсэн Хөвсгөл” гэсэн нэрийн дор найруулж байна |
Сэтгэгдэл бичих