Хөвсгөл аймаг 6 хошуу малтайгаараа онцлог бөгөөд Цаатан иргэдийн өвөрмөц соёл иргэншил, ёс заншлыг гадаад, дотоодын жуулчид, нутгийн зон олонд сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 21 дэх жилдээ "ЦААТАН ФЕСТИВАЛЬ-2025 " наадмыг Хатгал тосгоны Далай тур жуулчны баазад 7 дугаар сарын 6,7-ы өдүүрэд боллоо. Тус наадамд жил бүр оролцдог Цагааннуур сумын Баруун тайгын цаачин, их удган Р.Энхтуяатай ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу? Та жил бүр “Цаатан фестиваль”-д хүрэлцэн ирдэг. Яагаад заавал ирж оролцдог вэ ?
-Сайхан. Тайгад амьдардаг бидний өв соёлыг түмэнд олонд танилцуулдаг энэ наадамд би жил бүр оролцдог. Яагаад гэвэл өв соёлоо тээн амьдарч буй үндэстний цөөнх болсон Цаатан иргэдийн аж амьдрал олон онцлогтой шүү дээ. Иймээс зах зухаас нь ч гэсэн хүмүүст хүргэхийг зорьдог юм.
-Цаатан хүмүүсийн аж амьдрал ойрын жилүүдэд хэр байна вэ?
-Цаатан иргэдийн аж амьдрал олон жилийн өмнөхөөс сайжирч байгаа. Цаа маань өсөж бидний амьдрал ч сайжирч байгаад баярлаж явдаг. Би Цагааннуур сумын Баруун тайгад хүүхэд ахуй цагаасаа амьдарч одоо 70 нас хүрч байна. Цааны удам угшлаа таслахгүй үр хүүхдэдээ өвлүүлэх ганц хүсэлтэй байна. Иймээс л энэ наадмыг алгасахгүй 21 жил оролцож байна.
-Цагааннуур суманд хэдэн цаатан хүн амьдардаг вэ?
-Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгын 40 гаруй өрх, 400 гаруй хүн ам байна. 3 жилийн өмнө 300 гаруй л байсан. Жил ирэх тусам залуу хүмүүс нэмэгдэж, гэрлэж, нэмэгдэж байгаа гэж хардаг.
- “Цаатан фестиваль”-аар дамжуулан олон нийт цаатан хүмүүсийн аж амьдралтай танилцах боломжтой болж байна. Таны хувьд хүмүүст танилцуулахад ямар байдаг вэ?
Монтрейвел компанитай хамтран “Цаатан фестиваль”-д 21 жил тасралтгүй оролцож, цаатан түмнийхээ төлөөлөл болж явна. Цаатан хүмүүсийн аж амьдралтай танилцаж байгаад хувьдаа маш их баяртай байдаг. Цаа бол зургаа дахь хошуу мал гэж тооцогддог. Бид хамгийн хүнд хэцүү амьдралыг туулж яваа хүмүүс. Уул хаданд уулзах хүн цөөн учир ажил амьдралын эрхээр зуны дэлгэр цагт доошоо бууж хүний хөл ихтэй газар барааддаг. Цааны ургац, өвс муутай байдаг. Гэхдээ зуны улиралд харгана, бургасны навч, цэцэг идэж байгаа.
-Та өнөө орой галын тахилгыг хийх үү ?
-Тиймээ би өнөөдөр галын тахилга хийнэ. Цаатан фестивалийг анх зохион байгуулагдсанаас нь хойш гал голомтыг нь тахиж байгаа. 13 наснаасаа эхлээд 57 жил бөөлж, бууж түмэн олныхоо сайн сайхны төлөө олон зүйл хийсээр ирсэн. Бөө мөргөл бол цаатан бидний бас нэг соёл юм шүү дээ.
-Танд баярлалаа.
-Та нарт ч гэсэн баярлалаа. Мөн бидний өв соёлыг түмэнд таниулахаар “Цаатан фестиваль”-ийг санаачлан 21 жил тасралтгүй зүтгэж буй П.Эрдэнэ-Уул захиралтай Монтрэйвэл компанийн хамт олонд баярлалаа. Цаашид “Цаатан фестиваль” өргөжин тэлж, удахгүй олон улсын арга хэмжээ болно гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе.
Б. Оргилмаа
Их удган Р.Энхтуяа: “Цаатан фестиваль” өргөжин олон улсын арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна |
Сэтгэгдэл бичих