Хөвсгөлийн толь зүйч
2020-11-23 16:53:17, 902

Ахмад сэтгүүлч Минжигийн Нямаа хөдөө орон нутагт олон жил “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар ажиллаж, олон сайхан нийтлэл, мэдээллээр олны танил болсон сэтгүүлч юм. Түүний 90-ээд оны дундуур бичсэн “Тайгын гүнд хаягдсан цаа цаатан хоёр” нийтлэл нь хүн байгалийн хүйн холбоон талаар чухал асуудал хөндөж, цаатан иргэд, цаа бугын талаар төр засаг анхаарахгүй бол сөнөж мөхөхдөө хүрээд байгааг төр засгийн сонорт дуулгаж байсан юм. Төр засаг ч цаатан иргэд, цаа бугын талаар анхаарч томоохон төслийг хэрэгжүүлж, мөхөх аюулаас гаргаж байсан. Тэрбээр энэ нийтлэлээрээ тухайн үеийн “Ардын эрх” сонины оны тэргүүн бичлэгийн, аймаг орон нутагт болж буй үйл явдлын шуурхай мэдээллээрээ МОНЦАМЭ агентлагийн мөн оны тэргүүн бичлэгийн шагнал хүртэж байжээ.

Тэрбээр сэтгүүлчийн хөдөлмөрийн зэрэгцээ олны анхааралд өртсөн хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн билээ. Тэдгээрийн дотор “Хөвсгөл аймгийн лавлах товчоон” хэмээх 50 шахам хэвлэлийн хуудас томоохон бүтээл орж байгаагаас гадна “Хөвсгөл аймгийн түүх”, “Монгол Улсын гавьяат багш нарын цадиг товчоон”, ”Монголчуудын шинэлэх ёсны зан үйл”, “Хөвсгөл аймгийн лавлах толь”, “Малын тэнгэртэй буянт малчид”, “Газарт гагнагдаж тэнгэрт тэмүүлсэн он жилүүдийн цадиг” зэрэг 20 гаруй ном бичиж хэвлүүлэн, “Хотгойд, дархад, буриад судлалын зарим асуудал”, “Аймгийн хүүхдийн байгууллага” зэрэг номыг хэвлэлд бэлтгэн найруулж хэвлүүлсэн байна. Тэрбээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч аймгийнхаа үүх түүхийг судлан судалгааны ажил хийж, бичиж туурвих ажлаа орхилгүй яваа ахмад сэтгүүлч, орон нутгийн түүх судлаач юм. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн босгон дээр түүнтэй уулзаж уран бүтээлийн талаар ярилцлаа. 

 

- Та нас өндөр болсон ч ануухнаараа уран бүтээлээ туурвисаар бараг жил бүр ном хэвлүүлж байна даа. 

- Тэтгэвэртээ гараад арваад жил болж байна. Аймгийнхаа үүх түүхийг сонирхон судалж, архивын баримт шүүрдэн үзэж түүнд түшиглэн түүх судалгааны чанартай хэд хэдэн ном бичиж хэвлүүллээ. Залуу үеийнхэн маань үүх түүхээ үнэн зөвөөр сайн мэдэж байх хэрэгтэй. Даяарчлагдаж байгаа өнөө үед улс орны тусгаар тогтнол чухлаас чухал болж байна. Тусгаар тогтнолын үнэ цэнийг түүхээ сайн мэддэг хүмүүс хэнээс ч хэлүүлэхгүй хамгаалж чадна. ”Хөвсгөл аймгийн түүх”, “Хөвсгөл аймгийн лавлах товчоон”, “Хөвсгөлийн нэрт хүмүүсийн цадиг түүхийн ойллого” номдоо аймгийнхаа үүх түүх, ёс заншил, түүх соёлын дурсгалт зүйл, нэрт хүмүүсийн тухай тусгахыг хичээсэн.

 

 

-Та хөдөө орон нутагт олон жил ажиллаж, орон нутгийн амьдралын талаар олон чансаатай өгүүлэл нийтлэл бичиж хэвлүүлснийг уншигчид амтархан уншдаг байсан. Энэ тухай дурсвал?

- Би Монгол Улсын Их Сургуулийг хэл утга зохиолын мэргэжлээр дүүргэсэн ч мэргэжлийн дагуу төдий л ажиллаагүй хүн. Аймгийн захиргаанд боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байтал хүүхэд залуучуудын байгууллагын ажилтан болгоно гээд тухайн үеийн ЗХУ-д сургуульд явуулчихсан юм. Комсомолын дээд сургуульд суралцан дүүргэж хүүхэд залуучуудын ажилтан болоод долоон жил гаруй ажилласан. Түүнээс хойш нам,төр захиргааны байгууллагад арав шахам жил ажиллаад 90-ээд оны эхээр мэргэжлийн дагуу сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэх болсон. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж манай аймагт нэг удаа ажлаар ирээд надтай уулзаж, шинэ тутам хэвлэгдэн гарч байгаа “Ардын эрх“ сонины орон нутаг дахь сурвалжлагчаар ажиллах санал тавьсан. Тэр үед “Ардын эрх” сонин “Үнэн” сониноос салж шинэ тутам байгуулагдаж байсан юм. Анхны эрхлэгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лигдэн гуай ажиллаж байгаад Ц.Балдорж сэтгүүлчид ажлаа өгөөд байсан үе юм. 1992 оны дөрвөн сард “Ардын эрх” сонин, МОНЦАМЭ агентлагийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагчаар томилогдсон.

-Таны байгаль хамгаалах чиглэлээр асуудал хөндөж бичсэн нийтлэлүүдийн дотор цаа, цаатны тухай нийтлэл уншигчдад их хүрсэн шүү дээ. 

 

 -Тийм ээ зах зээлд дөнгөж шилжиж байсан 90-ээд онд хүмүүсийн амьдрал нэн хүнд, байгаль дэлхийдээ дэндүү хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж байлаа. Японы нэг сэтгүүлчтэй цаатны амьдралтай танилцахаар 1995 оны хөхөө өвлийн хүйтэнд Хөвсгөлийн тайгаар явж хэд хонож билээ. Цөөнх болж байгаа ястан бол цаатан иргэд. Бидний цаатан хэмээн хэлж заншсан ойн иргэд бол угтаа уйгараас угсаа гарвалтай хүмүүс шүү дээ. Цаатан иргэд, цаа хоёр 1990-ээд оноос өмнө сум нэгдлийн ивээлд байсан. Гэтэл тэр алга болчихсон үед очиход үнэхээр сэтгэл өрөвдөм хүнд байсан. Ёстой л мөхөж устахдаа тулсан байлаа.

1980-аад оны эцэс гэхэд цааны тоо толгой нь 2000 давж байсан бол тэр үед 600 хүрэхтэй үгүйтэй болж хорогдсон байсан. Тэр аяллаас буцаж ирээд “Тайгын гүнд хаягдсан цаатан цаа хоёр” гэсэн томоохон өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Үүний үр дүнд цаатан, цааны талаар гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажил эхэлж, ямар ч гэсэн цаатан цаа хоёрыг мөхлөөс аварсан даа. Одоо цааны тоо толгой 2 мянгаас давж цаатан иргэд маань 2019  онд “Хоёр мянган цааны баяр” хийлээ. Засгийн газраас цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нийтлэлээрээ “Ардын эрх” сонины 2007 оны билүү дээ оны тэргүүн бичлэгийн шагнал хүртэж байлаа.

-Таныг нэг сонинд мэдээний мастер гэж үнэлсэн нийтлэл гарсан байсан. Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар 20 шахам жил ажиллахдаа хэд орчим мэдээ бичсэн бэ? Зарим хүмүүс мэдээ бичих их амархан гэж ярьдаг. Та санал нийлэх үү? 

-Мэдээ бичнэ гэдэг амаргүй. Сайн мэдээ хүмүүний амьдралын сайн, мууг хэдхэн өгүүлбэрт гарган бичиж болно. Орчин цагийн сэтгүүл зүйд мэдээний төрөл бол бичлэгийн хамгийн хэмнэлттэй, бичлэгийн ур чадвар шаарддаг, мэдээллийг богино хугацаанд түгээх үр ашигтай хэлбэр гэж үзэж байна. Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчаар 20 шахам жил ажилласан. Энэ хугацаанд бараг хагас түм шахам мэдээ бичсэн байх юм. Мэдээг сайн бичвэл сэтгүүл зүйн бичлэгийн ямар ч төрлөөс дутахгүй гаргах гэсэн санаа бодлоо гаргаж болно шүү дээ. 1990-ээд оны сүүлээр надад хаягласан гадаадын нэгэн элчин сайдын яамнаас бичиг ирлээ. Таны бичсэн нэг мэдээнд манай нэг ажилтны нэр дурдагдсан байна. Манай ажилтан тийм зүйл хийх хүн биш, уучлалт гуй гэх ухааны юм бичсэн байлаа. Би мэдээллээ баттай эх сурвалжаас авсан тул өмнөхөөсөө арай чангаруулан өөр өнцгөөс нь харж байгаад дахиад биччихсэн. Хожим сонсвол үнэн болох нь тогтоогдож, нөгөө дипломат ажилтныг нутаг буцаасан дуулдсан. Тэр эрхэм тухайн нутгийн нэг сэхээтэнтэй танил бөгөөд зуны амралтаараа тэдний урилгаар ирж амарч байгаа хэлбэрээр хоёул усан болор нууцаар авдаг байсан юм билээ. Би агентлагийнхаа тэргүүн бичлэгийн шагналыг удаа дараа хүртэж л байлаа.

-Таны “Вандановын цоройны өөх” гэдэг өгүүлэл “МОНЦАМЭ мэдээ” сонинд нийтлэгдсэнийг уншаад их гайхаж билээ. Эхлээд үнэмшээгүй шүү. Сүүлдээ байж болох юм байна гэсэн бодолд хүрсэн. Энэ талаараа тодруулаач?

 

 -2005 онд билүү дээ аймгийнхаа Галт суманд сурвалжлах ажлаар явж байсан чинь Мядаг гэдэг хүн хувийн цуглуулгаараа сумын Соёлын төвд үзэсгэлэн гаргаж байна гэж дууллаа. Сониуч зан хөдөлж яваад очлоо. Үзүүштэй харууштай юм зөндөө. Өндөр Гонгорын эдэлж явсан чамин гоё хийцтэй хос авдар байх юм. Зая бандида гэгээний багадаа /таван настайдаа/ эдэлж байсан гэх жижиг эмээл, Жалханз хутагт Дамдинбазарын хэрэглэж байсан эрих, Далай Чойнхор вангийн хошууны ноёдын татуулсан гэрэл зураг, 1880-аад оны үед хэрэглэж байсан хятад дүнсэн тамхи бүтнээрээ, цагаантны цэргийн дарга Вандановын цоройны өөх гээд сонин хачин гайхмаар зүйл олон байлаа. Тэгээд Вандановын цоройны өөх гэдгийг үзээд эхлээд итгэж ядаж байсан авч сүүлдээ итгэж нэгэн бэсрэг өгүүлэл тэрлэж “МОНЦАМЭ мэдээ” сонинд нийтлүүлсэн чинь энд тэндээс утасдаж, үнэн юм уу, та битгий худлаа юм бичээд бай гэх хүн ч гарч байлаа. 1920-оод оны эхээр одоогийн Галт суманд аж төрдөг нэг бариач нутгийнхаа нэг залууг ардын журамт цэрэгт явахад нь дайтаж байлддаг хүн, хүний өөх бага ч боловч олж ирээрэй, эм танд ордог юм гэж захиж л дээ. Ардын журамт цэргийнхэн Барон Унгерний нэг ангийн цэргийг бут цохиж Вандановыг амьдаар баривчилж цаазлаад хаяч хаж. Нөгөө цэрэг нутгийн бариачийн захисан захиа санаанд нь орж, шөнө Вандановын цоройноос алга дарам аваад хатааж цэргээс халагдахдаа бариачдаа аваачиж өгч гэнэ. Бариач өнөөх өөхийг үе дамжуулан эм танд оруулан хэрэглэсээр одоо шүдэнзний хайрцагны хагас хэртэй үлдсэнийг Мядаг олж хадгалж байгаа нь тэр байжээ. Том жижиг гэлтгүй аливаа нийтлэл өгүүлэл өөрийн гэсэн түүх намтартай байдаг. Ийм зүйл олныг өгүүлж болно.

-Та сэтгүүлчийн ажлын чөлөөгөөр олон ном бичиж хэвлүүлсний дотор “Хөвсгөл аймгийн лавлах товчоон” хэмээх бүтээл хүндтэй байр эзэлдэг энэ номны 3 дахь дугаар бэлтгэж байгаа гэсэн. Хэзээ уншигчдад хүрэх вэ?

-“Хөвсгөл аймгийн лавлах товчоон” ном бол миний олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Би хэзээнээс аймаг орон нутгийн үүх түүх, соёл, ёс заншил, нэртэй хүмүүсийн амьдралын түүх, амжилтад хүрсэн арга ухааныг сонирхдог байсан минь энэ номыг богино хугацаанд бүтээх нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм. 1990 оны сүүлээс ийм ном бүтээх хүсэл сонирхол төрж 2000 онд бичиж, 2001 онд хэвлүүлсэн. Олон хүн номын талаар урам хайрласан халуун дулаан үг хэлж сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн. Анх хэвлүүлснээс хойш номд зайлшгүй орох хэрэгтэй мэдээлэл нэмэгдэж, зарим мэдээллийг шинэ мэдээллээр баяжуулах зэргээр анхныхыгаа шинэчлэн засвар хийж 2008 онд дахин хэвлүүлсэн. Энэ тийм ч жижиг ном биш бөгөөд 50 шахам хэвлэлийн хуудас ном юм. Би энэ бүтээлдээ аль болох олон арван мэдээллийг багтааж ,түүхэн үнэнийг үнэн зөв бичиж үлдээхийг хичээснээрээ миний номын үнэ цэн орших юм. Уншигчдынхаа ашиглах хялбар аргыг бодож, энэ номоо толь бичиг хийсэн арга хэлбэрээр бүтээж, аймаг орон нутгийнхаа тухай аль болох өргөн хүрээтэй мэдээллийг багтаахыг хичээсэн.

Нэрт эрдэмтэн Л.Хүрэлбаатар “Хөвсгөл аймгийн лавлах товчоон“ ном нь баримтыг тоочин мэдээлэх төдий бус, түүх угсаатны зүйн өргөн баримт нотолгоогоор баталж өгсөн нь уул номын үнэ цэнийг улам өргөж, бусад аймагт гарч байгаа номоос ялгарч байна” хэмээн үнэлсэнд баахан омогшин урамшиж, аймгийнхаа 90 жилийн ойн өмнө мэдээллийн хүрээг өргөтгөн нэмэгдүүлж шинэчлэлт нэмэлт засвар хийж 3 дахь удаагаа хэвлүүлэхээр бэлтгэж байна.

-Үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн түүхт ойг 2010 онд тэмдэглэхэд та Чингүнжавын тухай шинэ бүтээл гаргаж, энэ талаараа эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байсан. Таны "Чингүнжавын тухай түүхэн домог хууч яриа” номын онцлог юу байв? 

-Манай аймагт Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойгоор Шадар вангийн сүрлэг хөшөө бүтээн босгосон. Аймгийн төв талбайг түүний нэрэмжит болгон тохижуулж, боржин хавтангаар бүрж цэлгэр сайхан талбайтай болсон билээ. Цогт эх оронч Чингүнжавын тухай хотгойд, дархад, буриад, урианхай, мянгад ястны дунд ам дамжин яригддаг олон сонин домог, дуу, хууч яриа байдаг. Ийм домог хууч яриаг цуглуулан нэгэн бэсрэг боловч ном гаргах санаа өвөрлөж хоёр жилийн хугацаанд 100 шахам домог хууч яриа цуглуулж “Чингүнжавын тухай түүхэн домог хууч яриа” хэмээх ном бүтээж хэвлүүлсэн.

Ард түмний тархи оюун ухаанд үлдсэн домог хууч яриа зөндөө байх юм. Чингүнжав бол ард түмний сэтгэл зүрх, оюун ухаанд өөрийгөө үлдээж чадсан түүхэн баатар хүн. Тиймээс ч ард түмэн түүний тухай олон домог, хууч яриаг ам дамжуулан ярьсаар өнөөг хүрч ирсэн байна. Хэдийгээр Чингүнжав 260 гаруй жилийн өмнө амьдарч байсан ч түүний эдэлж хэрэглэж явсан зарим нэгэн зүйл ард олны гар дамжин хадгалагдан иржээ. Тухайлбал түүний хэрэглэж явсан цахиур буу, сэлэм, цэргийн нь сүр сүлд болсон их хар туг, цэргийн хоолны тогоо, хошууг засаглаж явахдаа дарж байсан тамганы дардас зэрэг түүхийн үнэт хосгүй дурсгалт зүйл цөөнгүй байгааг энэхүү номд зураг хөрөгтэй нь багтаан оруулсан. Түүхт ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороо, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “ХҮII-ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийн судлал, Хотгойдын Чингүнжав” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Чингүнжавын тухай түүхэн домгоор түүний амьдрал тэмцлийг тодруулах асуудалд” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

- Ирэх онд аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болно. Уран бүтээлч хүний хувьд ойд зориулсан ямар бүтээл туурвиж байна? 

- Хөвсгөл аймаг бол хотгойд түмний өлгий нутаг боловч, монгол угсаатны олон бүлэг ястнууд аж төрдөг, хөвч хангай, уул тэгширсэн сайхан баян хангай. Энэ нутаг усанд төрсөн хувь заяандаа бахархаж явна даа. Түүхт ойн өмнө хийж бүтээх, амжуулах ажил бишгүй байна. Насны нар хэвийж байгаа ч энэ цаг үед амрах цагаа хугаслан байж, бодсон санаснаа хэрэгжүүлэх юмсан хэмээн хичээж явна даа. Юуны түрүүнд “Хөвсгөл аймгийн лавлах товчоон” хэмээх номынхоо гурав дахь хэвлэлийг бэлтгэн хэвлүүлэх бодолтой явна. “Хөвсгөл аймгийн тахилгатай уул овоо”, сэтгүүлчийн хөдөлмөрийнхөө үр дүнг цэгнэж, бичиж нийтлүүлсэн зүйлээсээ шүүж байж, арай дөмгөөс нь эмхтгэн “Заяа төөргийн орчлон” хэмээх номоо гаргана. Бүтээхийн зовлон эцэстээ жаргалын үүдийг нээдэг гэсэн нэгэн мэргэн хүний оноч мэргэн үг байдгийг санаж л явна даа.

Сэтгүүлч Б.Гантуяа 

 

 



Хөвсгөлийн толь зүйч