Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтаж хоймор нутгийн уран бүтээлчдийн “Хөвсгөлийн цуурай-2” үзэсгэлэн Улаанбаатар хотноо Монголын Урчуудын эвлэлийн Арт галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Хөвсгөлийн уугуул болон орон нутгийн зураач урчууд бүхий 30 уран бүтээлчийн гайхамшигт Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, ан амьтан, 6 дахь хошуу мал цаа зэрэг 100-аад бүтээл дэлгэн тавигджээ.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн ИТХ-аас “Чингүнжав” одонгоор Төрийн шагналт Ардын зураач Тариалан сумын уугуул До. Болд, ахмад зураач Бүрэнтогтох сумын уугуул С. Болдбаатар, Түнэл сумын уугуул Г. Цэнгүнжав нарыг, Хөвсгөлийн “Хүндэт тэмдэг”-ээр Цэцэрлэг сумын уугуул Р. Ариунболд нарыг соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж шагнасныг хүндэтгэлтэйгээр гардуулж өгчээ.
Хөвсгөлийн цуурай-2 үзэсгэлэн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд аймаг байгуулагдсаны 90 жилийн ойгоор Хөвсгөлчүүддээ толилуулах ажээ.
“Хөвсгөлийн цуурай-2” үзэсгэлэн Арт галерейд нээгдлээ |