О.Оюунтунгалаг “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч” шагнал хүртэв
2020-01-08 22:22:30, 1260
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын монгол хэлний мэргэжилтэн О.Оюунтунгалаг “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч” шагнал хүртэв. Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд Хөвсгөл аймгийн багш сурагч, иргэдийг амжилттай бэлтгэж сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай оролцуулж байгаа юм. “Монголын сайхан бичигтэн” улсын 23 дугаар уралдаанд Хөвсгөл аймгийн 3600 гаруй  багш, сурагч, иргэд оролцож дөрвөн төрлийн ангилалд тэргүүн байрыг эзэлжээ. Тухайлбал 12-р дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрыг “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н.Батчимэг эзэлж МУИС-д 4 жил Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгийн эзэн болжээ. Мэргэжлийн багш нарын ангилалд тэргүүн байрыг “Авьяас” сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Отгонтуяа, гутгаар байрыг “Сод-Эрдэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Алимаа нар эзэлсэн байна. Мөн бичвэрийн бус бүтээлийн ангилалд тэргүүн байрыг Жаргалант сумын уугуул, монгол хэл бичгийн ахмад багш Д.Сайнтогтох, дэд байрыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг, гутгаар байрыг Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Долгормаа, сурагчдын ангилалд тэргүүн байрыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 9в ангийн сурагч Б.Амарзаяа, тусгай байрыг “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч Э.Номин хүртсэн юм.  Анги нийтийн ангилалд дэд байрыг “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д ангийн хамт олон, гутгаар байрыг “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д ангийн хамт олон, “Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагнал”-аар “Титэм” сургуулийн 10а ангийн хамт олон, “СТА Р.Анхнямын нэрэмжит шагнал”-аар “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8в ангийн хамт олон, “БСШУСЯ-ны жуух бичиг”-ээр Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Д.Уранбилэг, “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш М.Мөнхжаргал нар тус тус шагнууллаа. Мөн үндэсний бичиг соёлыг дэмжин ажилладаг УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Л.Энх-Амгалангийн нэрэмжит шагналыг  Мөрөн сумын  Сод-Эрдэм сургуулийн  монгол  хэл бичгийн багш О.Болормаа, 9в ангийн хамт олон, Тариалан  сумын монгол хэл бичгийн багш  С.Болормаа, 10а ангийн хамт олон тус тус хүртлээ.
 
Б.Ганаа


О.Оюунтунгалаг “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч” шагнал хүртэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0