Сүүлийн үед үндэсний цөөнх болсон цаатан иргэдийн амьжиргааг дэмжих цаан сүргийг өсгөн үржүүлэхэд төр засгаас ихээхэн анхаарч дэмжиж ажиллаж байна. Гэвч тува хэлээр ярьдаг иргэд ховордсон төдийгүй Цагааннуур сумын сургуульд суралцдаг цаатан хүүхдүүдэд хичээл заах Тува хэлний багш дутагдалтай байгаа учир үндэсний хэлээ сурч чадахгүй байгаа юм. Цагааннуур сумын ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 497 хүүхэд суралцаж буйн дотор 160 тува буюу цаатан хүүхэд суралцаж байна. Энэ хичээлийн жилд баруун тайгын 12, зүүн тайгын зургаа нийт 18 цаатан хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Тус сургуулийн хичээлийн байр 150 хүүхдийн багтаамжтай найман танхимтай бөгөөд хүүхдүүд багтахгүйн улмаас гурван ээлжээр хичээллэдэг бөгөөд цаашид хичээлийн анги танхимыг томруулж, 300 хүүхдийн хичээлийн байр бариулах хүсэлтээ холбогдох газруудад хүргүүлсэн боловч шийдээгүй гэдгийг Цагааннуур сумын сургуулийн захирал Ч. Оюунбадам хэлэв. Хөвсгөл дэх цаатан иргэдээс тува хэлээр ярьдаг цөөн хэдэн настай иргэд л үлдсэн аж. Хөвсгөл аймагт дархад, хотгойд, халх, урианхай, буриад, цаатан зэрэг олон ястан амьдардаг юм.
Б.Гантуяа
Цаатан хүүхдүүд үндэсний хэлээ мартаж байна |
|
Сэтгэгдэл бичих