Хөвсгөл аймагт монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр-2021” уран бичлэгийн улсын уралдааныг зохион байгууллаа. Энэ жилийн уралдаанд Хөвсгөл, Завхан, Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Орхон аймаг болон нийслэлийн 5 дүүргийн багш, сурагч, иргэд, төрийн албан хаагчид бүхий нийт 500 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.
Уралдааны уран бичлэгийн төрөлд Хөвсгөл Тосонцэнгэл сумын 10-р ангийн сурагч Ү.Энхжин Монголын нууц товчоог 10 метр даавуун дээр бичсэн бүтээлээр тэргүүлжээ. Дэд байрт Ирээдүй сургуулийн багш Д. Мөнгөнбаясгалан, Титэм сургуулийн багш Г.Энхсайхан, гутгаар байрт Орхон аймгийн 14-р сургуулийн багш Б.Одбаяр, Дорнод аймгийн 12-р сургуулийн багш Ө.Одмандах, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн 11-р ангийн сурагч А.Пунцагноров нар тус тус шалгарчээ. Үндэсний бичиг үсгийн өдрийг угтан зохион байгуулсан тус уралдаан нь мэргэжлийн багш нар, уран бичлэг сонирхогчид, насанд хүрэгчид, сурагчид, цахим бичвэр гэсэн 5 ангилалд болсон байна. Бүтээлүүдийг цахимаар олон нийтэд танилцуулах ажээ.
Б.Ганаа
Монголын нууц товчоог 10 метр даавуун дээр урлажээ |