Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас хөл хорионы үед хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй 2298 хүүхдэд тусламж үзүүлжээ.
Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын 40 цэцэрлэгээс зорилтот бүлгийн 822 хүүхдэд нийт 54,923,805 төгрөгийн хүнсний тусламжийг олгосон байна. Мөн ерөнхий боловсролын 26 сургуулийн хүнсний бүтээгдэхүүний нөөцөөс зорилтот бүлгийн 1476 хүүхдэд, 69,121,667 төгрөгийн хүнсний дэмжлэгийг дотоод хяналтын баг, сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдээр дамжуулан хүргэжээ.
Мөрөн сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн багш, ажилтнууд өөрсдийн зүгээс 304 хүүхдэд 6,934,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Энэ үеэр зурагтгүй 832 өрхийн 1061 хүүхэд теле хичээл үзэх боломжгүй байгаа судалгааг гаргаж, 111 өрхийг өөрсдийн нөөц бололцоогоор телевизтэй болгож зорилтот бүлгийн өрхүүдэд хүрч ажиллаж байгаа аж.
Б.Ганаа
Хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй 2298 хүүхдэд тусламж үзүүлжээ |