Нэгдсэн эмнэлэг Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарлаа
2020-06-03 23:08:17, 545

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд шалгарч тэргүүн байрыг эзэлжээ.

Нэгдсэн эмнэлэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвтөө тусган зарцуулдаг, үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны нөхцөлд тодорхой ахиц дэвшил гаргасан, ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Мөн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр ажилчдаа хангаж, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэг журам, соёлыг бий болгон нутагшуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийг шинэ шатанд гаргаж, байгууллага хамт олондоо нэвтрүүлж ажилласнаар энэхүү шагналыг хүртжээ. Шилдгээр шалгарсан тус хамт олонд аймгийн Засаг дарга болон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс гамшгийн бэлэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын танхимыг тохижуулахад зориулан 5 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн олголоо. 

Тус уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ.

Б.Ганаа



Нэгдсэн эмнэлэг Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарлаа