Монгол Улсад коронавирусээр халдварласан 17 дахь тохиолдол бүртгэгдлээ
2020-04-13 12:10:25, 1087

ОХУ-аас энэ сарын 12-нд ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний нэгээс нь коронавирусний халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол 17 болж  бүртгэгдэж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ээс мэдэгдлээ.
 Өчигдөр нийт 232 шинжилгээ хийснээс ийнхүү нэг тохиолдол илэрч, бусад нь сөрөг  гарчээ. Энэ сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74, мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Мөн тандалтын шугамаар буюу уушгины хатгалгаагаар өвдсөн 13 хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, “Нийт батлагдсан тохиолдлоос 4 хүн эдгэрч эмнэлгээс гарсан, харин 13 хүн эмчлүүлж байна. Эмчилж эдгэрээд гарсан эхний 2 хүн тусгаарлах байранд 14 хоносон. Тэдэнд хоёр удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ч гэрт нь мөн 14 хоног ажиглалт, хяналтад байлгана” хэмээв.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн эмчийн хяналтад байна.

Ж.Болор



Монгол Улсад коронавирусээр халдварласан 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0