Өнөөдөр Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Монгол Улс 2004 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн бол Хөвсгөл аймагт 10 дахь жилдээ тэмдэглэн хүний алтан амийг аврахын төлөө, авлагагүйгээр цусаа бэлэглэсэн идэвхтэн, хүндэт донорууддаа хүндэтгэл үзүүлэн алдаршууллаа. Хөвсгөл аймгийн хэмжээнд 1300 гаруй донор байдаг бөгөөд 40 хувь нь идэвхтэй донор бол 60 орчим хувь нь шинэ донорууд гэнэ.
Дээрх арга хэмжээний үеэр Нэгдсэн эмнэлгийн Цусны төвийн нэрэмжит “Хүрэл донор”-оор нийгмийн даатгалын мэргэжилтэн Б.Мөнхдэлгэр, Улаан загалмайн нийгэмлэгийн “Хүндэт донор” шагналаар С.Эрдэнэчимэг, С.Хүдэрчулуун, нар шагнууллаа. Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв цусны аюулгүй байдлыг хангах, донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, зохистой хэрэглээг хэвшүүлэх үйлст улсдаа ажил үйлсээрээ манлайлж байгаа билээ. Тус төв Азийн хөгжлийн банкны "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн барилгын засвар үйлчилгээ хийж, 59 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангажээ.
Жишиг цусны салбар төв болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна. Орон нутагтаа 4 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндэсний төвд үйлдвэрлэдэг 8 төрлийн цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагт хийх боломж бүрджээ. Ингэснээр жилд 350-400 литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой болсон байна.
ХӨВСГӨЛ АЙМАГТ 1300 ГАРУЙ ДОНОР БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих