Хѳвсгѳл аймгийн Нэгдсэн эмнэлэгт монгол ахуйгаар тохижуулсан Чөлөөт төрөлтийн өрөөг байгуулжээ. Тус өрөөнд хүссэн эхчүүд араг түшин дотны хүмүүстэйгээ хамт байж төрөх боломжтой болжээ. “Эхчүүд төрөөд гэртээ гарах хүртлээ гэр бүлийн дотны хүнтэйгээ хамт байж хоол цайгаа хамт хийж идэн гэртээ байгаа юм шиг тухлаж байна. Мөн эхчүүд монгол уламжлалаар араг түшин төрж шинэ хүн мэндэлж буй аз жаргалтай үеэ ханьтайгаа хамт угтаж байна” гэдгийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн их эмч Д.Түвшинбаяр хэлж байлаа. Өнгөрсөн хавар тус аймгийн эмч нар Япон улсад очиж туршлага судалсан бөгөөд энэ үеэр япон эхчүүд төрөхдөө гэр бүлээрээ хамт байж төрдөг тусгай өрөөтэй танилцан судалсны дагуу энэхүү өрөөг орон нутгийн иргэдийн 4 сая гаруй төгрөгийн хандив тусламжаар байгуулжээ. Тус тасгийг нээгээд удаагүй ч 20 орчим эх тус өрөөг сонгон төрөөд байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх төрдөг ажээ.
Б.Ганаа
Монгол ахуйгаар тохижуулсан Чөлөөт төрөлтийн өрөөг байгуулжээ |
|
Сэтгэгдэл бичих