Х.Мөнхбат 3 өрөө байртай боллоо
2019-07-27 18:27:58, 2083
Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатад  өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг аварсан зүтгэлийг нь үнэлж  өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 3 өрөө байрны батламжийг гардуулан өглөө.
 
 
Тэрбээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан билээ. Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тодруулбал “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон юм. Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос 9 км-ийн зайтай “Модот булан” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууран дээр төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, нуурын мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан явган 8 иргэний амь насыг авран хамгаалсан зэрэг аврах ажиллагаануудад амжилттай үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа 
 


Х.Мөнхбат 3 өрөө байртай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-29 00:17:35
    ?????: Баяр хүргье. Онцгойгийн ийм мундаг залуусаа урамшуулаад байгаарай. Төрийн минь сүлд өршөөг. Нуур амгалан бол нугас амгалан олон түмэн минь тайван жаргалтай амьдрах болтугай.