Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар нэрэмжит болгох тухай, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөрөнгө шилжүүлэх, актлах, худалдах, дахин үнэ шинэчлэн тогтоох тухай, аймгийн Хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний зөвлөл байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ үеэр Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг МУАЖ Д.Цэрэндарьзавын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэн төлөөлөгч нарын 100 хувийн саналаар дэмжлээ.

МУАЖ Д.Цэрэндарьзав 1945 онд Алаг-Эрдэнэ суманд төрсөн.
Тэрбээр 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Улсын драмын театрт жүжигчнээр эхэлж, гавьяаныхаа амралтад гартлаа тус театраараа овогложээ.
“Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө”, “Хүргэн хүү”-гийн Халтмаа, “Солиот эх”-ийн хадам эх зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг урлагийн ертөнцөд хийгээд монголчуудын сэтгэлд амилуулсан хүн билээ.
Тэрээр 2001 онд МУГЖ, 2026 онд Ардын жүжигчин цол тэмдгээр шагнагдсан юм.


Б.Тамираа
| Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг МУАЖ Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо |
Сэтгэгдэл бичих