Ардчилсан намын удирдлагууд өчигдөр 23.30 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ирэх сарын 4-нд тус намын онц их хурлыг орон даяар зарлаж байгаагаа мэдэгдэв. Тус намын гишүүд УИХ-ын чуулганыг орхин гарсны дараа дээрх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Монгол Улсын төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархаж байна. Тиймээс АН улс төрийн дараагийн шатны тэмцэлд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдье. МАН 2016 оны сонгуулиар 60 тэрбумын гэх схемээр төрийн эрхийг авсан бол, өнөөдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хоёрдахь удаагаа төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархлаа. Саяхан Ардчилсан нам IX их хурлаараа хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, парламентын, хуулийн засаглалыг дээдэлсэн намын үзэл баримтлалаа батлаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, хууль бус үйлдлийг эсэргүүцэн УИХ-ын чуулганы танхимыг орхисон юм” хэмээв.
Тэрбээр, Ардчилсан намын онц их хурлаар өнөөдөр үүсээд байгаа нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэнэ” гэдгийг онцлоод, “Ардчилсан үндсэн хууль, ардчиллын ололт амжилтыг хамгаалахын төлөө тууштай тэмцэх болно” гэв.
АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, “100 жилийн өмнө монголчуудын эрх, эрх чөлөөг хэдхэн ноён Хятадад зарж байсан. Гэтэл өнөөдөр тэрхүү түүхийг давтаж ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэхэд УИХ-ын гишүүд үг дуугүй кноп дарахад бэлэн болжээ. Үндсэн хуулийн бус замаар төрийн эрхийг авах гэж байгаа үйлдэлд ард түмэн эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байна” гэв.
Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны тэргүүн С.Эрдэнэболд, “Иргэд ядуу, орлогогүй, бухамдалтай байхад улс төрчид санаа зовж, иргэдийнхээ амьдралыг өөд нь татахыг бодохгүй жүжиг тавьсаар байна. Хууль шүүхийн системийг үгүй хийхээр хуулийн байгууллагыг гутаан доромжлох “компанит” ажил өрнүүлж байна. Эрдэнэтийн 49 хувийг улс төржүүлээд 51 хувийг нь орхиж болохгүй. 60 тэрбумын гэх асуудлыг ч орхихгүй. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан, ШХАБ-д Монгол Улсаа худалдахыг санаархаж буй хүмүүст хариуцлага тооцох зарчмыг тавьж эсэргүүцнэ.
Ардчилсан нам олон жилийн турш алдаа, оноотой явж ирсэн. Бид өөрсдийн хийсэн зүйлд тодорхой хэмжээгээр буруугаа хүлээнэ” гэв.
Мэдээллийн төгсгөлд Ардчилсан намын бичгээр гаргасан албан ёсны мэдэгдлийг гишүүд уншиж танилцуулав.
Мэдэгдэлд, “1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан улс төрийн хөдөлгөөнийг залгамжлагч Ардчилсан нам нь Монгол Улсын үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд, үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигалын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга тусгай захирамж гарган ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцлээ. Дээрх хуулийн төслүүд нь Үндсэн хуулийн үзэл санаа, төрийн эрх мэдлийг хуваарилах суурь зарчмыг гажуудуулсан, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо гэж АН харж байна. Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хамтран өөртөө захирамж өгч, улмаар шүүх эрхийг түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах эрх мэдлийг өөртөө олгосон хуулийн төсөл санаачилж, уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн нь төрийн шүүх эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэл боллоо хэмээн АН эсэргүүцэж байна. Энэ мэт үндсэн хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрэхгүй, тэмцэх болно” гэжээ.
С.Мөнхбаатар
Ардчилсан намын онц их хурал ирэх сарын дөрвөнд болно |
|
Сэтгэгдэл бичих