Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн удирдлагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл, чиглэл өгөх, орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор цахим хурлыг хийлээ. Тус хуралдааны үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мал төллөлт, хаврын тариалалттай холбоотой ажлын талаар болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө.
Хөвсгөл нуураар зорчихыг хориглож 4 чиглэлд 18 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост ажиллаж байгааг танилцуулав. Тус аймгийн хэмжээнд хуурайшилт нэмэгдэж байгаа учраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн аймгийн Онцгой байдлын алба хаагчдыг сум бүрт тодорхой хугацаанд ажиллуулж зөвлөмж чиглэл өгч байгаа бөгөөд үүлэнд зориудаар нөлөөлөхөд шаардагдах түлш пуужингийн хангалтад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг тойрсон парк байгуулна гэж тусгагдсаны дагуу орон нутагт үйлдвэржилтийн үйл ажиллагааг дэмжсэн бодлогыг үзүүлж ажиллахыг хүсч байлаа. Цахим хурлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч, тодорхой чиглэлээр үүрэг өглөө. ХХААХҮЯ-наас хаврын тариалалт, мал төллөлт, хаваржилтын бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар, ОБЕГ-аас ой хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, малчдыг хүүхдээ малд явуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж ажиллахыг анхааруулж байлаа.
Б.Гантуяа
Үүлэнд зориудаар нөлөөлөхөд дэмжлэг үзүүлэхийг хүсэв |
|
Сэтгэгдэл бичих