Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мэндчилгээ дэвшүүллээ
2019-03-01 20:54:42, 661
Эрхэм хүндэт та бүхэндээ Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний эрх чөлөөт сайн сайхан амьдралын төлөө өөрийн амь бие, амьдрал, ухамсарт үйл ажиллагаагаа зориулж ирсэн үе үеийн эх орончид, өвөг дээдсийнхээ гэгээн дурсгал, мөнхийн гавъяаг дурсан хүндэтгэж, энэ өдрийг улс орон даяар өргөн тэмдэглэж байна.  Асар их үнээр өвлөгдөж ирсэн эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо энэ хэвээр нь хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө үе үеийн эх орончид тэмцэж ирсэн түүхийг бид мартах учиргүй. 
Монголчууд бид 1910-аад онд өөрийн тусгаар тогтнолыг олж авахын тулд ард түмний оюун санаа, сэтгэл зүйн дуудлагаар Манжийн эрхшээлээс салж, Богд хаант улсаа байгуулав. 1921 оны Ардын хувьсгалын ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, 1924 онд Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа баталж хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халсан юм. 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл биеллээ олж, Монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн билээ. 1990-ээд оны ардчилсан хувьсгалаар эдийн засгийн тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг өөрчилж, даяаршлын нийгэмд бие даан хөгжих замыг сонгосон. Энэхүү түүхэн үйл явдлуудын гол хөтөч, манлайлагчид нь үе үеийн эх орончид байсан төдийгүй монгол хүний эх оронч үзэл, омогшил, бахархал гээд хийсвэр юм шиг хэрнээ хүн бүрийн сэтгэл дотор үгээр илэрхийлэхийн аргагүй оргилж байдаг тэр хүчийг сэрээж, нэгтгэсэний үр дүн гэж үзэж болно. 
Нөгөө талаар Монгол Ардын Нам 1921 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс Монголынхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө эх орончдын тэмцлийг удирдан манлайлж ирсэн түүхтэй. Тийм ч учраас Монгол ардын намын түүх бол Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэл, эх орны маань хөгжил дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой. 
Монгол Ардын нам одоо ч эх орныхоо хөгжлийн төлөө түүхэн их үйлсийг үргэлжлүүлэн, удирдан чиглүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийн төлөө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн
дээдэлж үнэт зүйлээ болгон ажиллаж байна. 
ХХI зууны даяаршиж буй дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд бид эх оронч үзэл, үндэсний уламжлал, соёлын дархлаа, өвөг дээдсийнхээ бүтээсэн түүх, үеийн үедээ бахархан дуурайх замнал, ирээдүйдээ итгэх итгэл, ирээдүйн Монгол залуучуудын хүмүүжил төлөвшилд анхаарах шаардлагатай болж байна. Өнөөдрийн бидний бахархаж байгаа бүхэн өнгөрсөн цаг үеийнхний бий болгосон, бидэнд дамжуулан өгсөн үнэт зүйлс гэдгийг ойлгох нь эх оронч үзлийн үндэс болно. 
Эх орноо хайрлах сэтгэл ямар ч цаг үед үл хувьсах мөн чанартай бөгөөд энх цагийн үед бол хөдөлмөр зүтгэл, идэвх, санаачлага, улс үндэстэндээ чухал ач тустай үр бүтээлээр илэрнэ. Харин дайн тулааны цагт эх орон газар шорооныхоо төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлах сэтгэл, иргэний өндөр ухамсраар илэрнэ. Эх оронч үзэл монгол хүн монгол хүнээ хайрлаж, хүндэлж, бахархахаас эхэлнэ. Эх оронч үзэл илрэх хэлбэрүүд нь цаг үеийнхээ шаардлагатай холбоотойгоор урган гарч байгаа ч мөн чанар, үнэ цэнээ хэзээ ч алдахгүй юм. 
Эх оронч байх асуудалд уриа лоозонгийн шинжтэй, ганц өдрийн баяр ёслолын байдалтай хандаж болохгүй бөгөөд эх орныхоо төлөө цохилох зүрхтэй иргэн бүрийн эх орноо гэсэн чин сэтгэл дээр Монгол Улсын тусгаар тогтнол оршин байдаг гэдгийг ухааруулах, бахархуулах зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга, ИТХ, ЗДТГ, аймгийн Монгол Ардын намын хороотой хамтран Эх орончдын баярыг ёслол төгөлдөр өргөн дэлгэр тэмдэглэж олон олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, ард иргэдийнхээ эх оронч үзэл ухамсрыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 
Та бүхэндээ эх орончдын баярын мэндийг дахин хүргээд баярын хурлын арга хэмжээ нээснийг мэдэгдье. Монгол улс минь үүрд батжин дэлгэрэх болтугай.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд


Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0