Хөвсгөл аймгийн төлөөлөл Эрхүү мужид айлчилж байна
2019-02-20 23:58:34, 1097
ОХУ-ын Эрхүү мужид ажиллаж буй Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй төлөөлөгчдийг тус мужийн Амбан захирагч С.Г.Левченко хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Засаг дарга, Амбан захирагч нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцлаа. Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, ойн аж ахуй, ойг хамгаалах, нөхөн сэргээх, загас үржүүлэх, Байгаль, Хөвсгөл нуурын болон улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт судалгааны ажилд хамтрах, боловсон хүчин сургах, орос хэлний сургалтыг сайжруулах зэрэг асуудлаар ярилцаж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
 
 
Амбан захирагч С.Г.Левченко ирэх есдүгээр сард Эрхүү хотод болох Олон улсын усны экологийн III чуулга уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг урив.Уулзалтад Монгол Улсын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа ерөнхий консул Л.Амарсанаа, Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг, ОХУ-ын талаас ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Л.А.Курбатова, Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч М.Н.Петрова, Эрхүү мужийн Хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын захирал А.С.Просекин нарын албаны хүмүүс оролцов.
Хөвсгөл аймгийн төлөөлөгчид энэ сарын 22-ныг хүртэл ажиллах бөгөөд тус мужийн Байгалийн нөөц, экологийн болон Ойн цогцолборын яамны удирдлагатай уулзсан юм. Төлөөлөгчид Эрхүү мужийн хөдөө аж ахуйн яам, Аялал жуулчлалын агентлаг, Эрхүүгийн болон Шелеховын район, Листвянка тосгоны удирдлагатай уулзаж, бизнесийн салбарынхантай хийх дугуй ширээний уулзалтад оролцохын зэрэгцээ зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах аж.
 
Ж.Болор


Хөвсгөл аймгийн төлөөлөл Эрхүү мужид айлчилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0