Хөвсгөл аймгийн Могойн голоос Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа Мөрөн сумын Хилэнтийн гүүр эвдрэх нөхцөл бүрдсэн учраас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт актаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зогссон. Гэвч сошиал болон facebook хуудсаар “Шороон замын нүүрс тээвэрлэлт Хөвсгөлийг сүйтгэж эхэллээ. Нүүрс тээвэрлэлт Дэлгэрмөрөн голын мөсөн дээгүүр явсаар байна. Үүний ард Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох өөрийн эрх мэдлээ ашиглан тээвэрлэлтийг хийж байна” гэсэн мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоос дараах мэдээллийг тодрууллаа.
- Таныг “Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан мөсөөр зорчуулж байна” гэсэн мэдээлэл сүүлийн үед цахимаар их тарж байна. Энэ тал дээр тодруулбал :
-Сүүлийн үед ялангуяа олон нийтийн цахим сүлжээгээр буруу хазгай илт гүжирдсэн мэдээллүүд нэлээн явж байна. Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэж байсан нь зогссон байгаа. Мэргэжлийн хяналтын газраас Хилэнтийн гүүрний байдалд дүгнэлт хийж албан бичиг нь ирсэн. Энэ зогсоох арга хэмжээ авч эхлэх үед тодорхой хэмжээнд хувь хүмүүс нүүрсээ ачсан байсан нь “Хилэнтийн гүүр” хаасан учраас мөсөөр гарсан цөөн хэдэн тохиолдол гарсан. Энэ тал дээр уурхайн хүмүүст дахиад нүүрс тээвэрлэх боломжгүй гэдгийг албан ёсоор анхааруулж энэ үйл ажиллагаа зогссон. Өнөөдрийн байдлаар Могойн голоос экспортонд зориулсан нүүрс явахгүй бүрэн зогссон байхад ор үндэслэлгүй мэдээлэл тарааж хүний нэр төрд санаатай халдаж байгаад харамсч байна.
- Нүүрс зөөвөрлөж байгаа том даацын автомашины зураг нийтлэгдсэн байсан. Энэ нь ямар учиртай вэ ?
- Хөвсгөл аймгийн хэмжээнд сумдын 12 зуух нэгдсэн халаалалттай байдаг. Мөн Дулааны станц Могойн голоос нүүрсээ авдаг. Энэ орон нутгийн хэрэглээний тээвэрлэлт явж байгааг мушгин гуйвуулж “Эрдэнэт рүү мөсөөр тээвэрлэж байна” гэж худал мэдээлэл тараан гүтгэж санаатайгаар олныг төөрөгдүүлж байна.
- Та Могойн гол компаний Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлыг хэзээнээс хашиж эхлэв. Үүн дээр ашиг сонирхолын зөрчил яригдаж байгаа шүү дээ ?
- Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч нь ажил үүргийнхээ хувьд дэд бүтэц, эдийн засаг, байгаль орчны салбарыг хариуцдаг.Энэ ажил үүргийнхээ хувьд Могойн гол компаний ТУЗ-ийн даргын ажлыг давхар хашиж байгаа юм. Миний өмнө ажиллаж байсан М.Очирхуяг дарга ч мөн үүнийг давхар хашиж байсан. Би хариуцсан үүрэгт ажлаа хийж байна. Надад өөр ашиг сонирхолын зөрчил огт байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.
- Уучлаарай танд Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэдэг хувийн компани бий юу ?
- Цахимаар явж буй мэдээлэлд "Могойн гол"-ын уурхайгаас нүүрс тээвэрлэж буй 6 компаний ард дандаа аймгийн удирдлагууд бий. Орлогч Ц.Баттогтохын нүүрс тээвэрлэдэг дүүгийнх нь 3 компани байдаг зэрэг ор үндэслэлгүй гүжирдсэн мэдээлэл явж байна. Би үгүй гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Надад ийм сонирхол байхгүй, би ийм ажил эрхэлдэггүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Би хүний нэр төрд санаатай халдан худал мэдээлэл тарааж буй хүмүүст хувь хүний зүгээс гомдол гарган хууль хяналтын байгууллагад хандах болно.
- Бидний сонирхсон мэдээлэлд дэлгэрэнгүй тайлбар өгсөн танд баярлалаа.
- Сошиалаар цацагдаж буй мэдээлэлд эх сурвалжаас тодруулж үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа “Хөвсгөлийн өнгө” сайтын хамт олонд талархаж байна.
Б.Гантуяа
Ц.Баттогтох: Эрдэнэт чиглэлийн нүүрс тээвэрлэлт бүрэн зогссон байхад санаатайгаар худал мэдээлэл тарааж байгаад харамсч байна |
|
Сэтгэгдэл бичих