Г.Батболд Алдарт уяач цол хүртлээ
2019-02-03 23:06:14, 1002
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул уяач Г.Батболд "Алдарт уяач" цол хүртлээ. Г.Батболд нь Засгийн газрын улс бүсийн, тогтоолтой наадмаас 1 түрүү 5 айраг, аймгийн чанартай наадмаас 3 түрүү 5 айраг авсан амжилтыг гаргаж 2018 онд аймгийн Алдарт уяач цол хүртэж байсан бөгөөд түүний “Төгс зээрд” хязаалан 2015 онд зүүн бүсэд айрагдаж, “Зөөлөн хонгор” даага 2016 онд Хэнтийд болсон зүүн бүсэд айрагдсан, “Дархан буурал” морь нь 2017 онд “Дэлтэй цэнхэр” уралдаанд аман хүзүүдэж, 2018 онд Дүнжингаравт айрагдсан байна. 2017 онд “Сүлд хул” үрээ нь төрийн наадамд айрагдаж, говийн бүсэд түрүүлсэн зэрэг томоохон амжилтуудыг гаргасан ажээ.
 
Уяачдын цолыг өнөөдөр Төрийн ордны Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд гардуулсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаангүйгээр, Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй. Үндэсний морин уралдаан хэмээх өв соёл, ёс заншлыг тээж, хөгжүүлж тордож яваагийнх нь хувьд морин уралдаанчид, уяачдад талархах ёстой. Гэхдээ морин уралдааны өнөөгийн байдлыг харж байхад хэлэх сануулах шаардлагатай зүйлс ч цөөнгүй байна. Морин уралдаан зохион байгуулах тал дээр нийтээр дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болж байгаа ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийн хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адууг Монгол морьтай уралдуулахаас эхлэсэн маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах хэрэгтэй. Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэргийг анхааралдаа авна биз ээ. Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг зүй зохистой зохион байгуулах тал дээр уяачдын холбоо, бусад байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэдгийг онцолж байлаа.
Б.Гантуяа 
 


Г.Батболд Алдарт уяач цол хүртлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0