УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатар гишүүнийг УИХ-ын даргаар 95.2 хувийн саналаар сонголоо.
УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын даргад олонхын бүлгээс нэр дэвшүүлдэг. Тиймээс МАН-ын бүлгээс УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Энэ үеэр С.Бямбацогт гишүүн нэр дэвшигчид амжилт хүсээд, “Монголын төрд бий болоод байгаа үл ойлголцлыг арилгаж, эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлд эхний ээлжинд ямар ажил хийх вэ. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан. Уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах нь чухал” гэв.
Нэр дэвшигч Г.Занданшатар гишүүн, “Үндсэн хуульд Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт бий. Ард түмэн уг эрхээ төлөөлөгчөөрөө буюу УИХ-ын гишүүнээр дамжуулан хэрэгжүүлдэг. Тиймээс УИХ-ын эв нэгдлийг хангаж, ажилгүйдэл, ядуурал, орлогын тэгш бус байдлыг арилгахын төлөө ажиллах болно. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж хэлсэн байдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөд орон нутгийн засаг захиргааны хуваарилалт, төрийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх заалт оруулахын төлөө ажиллана” хэмээн хариуллаа.
Харин З.Батзандан гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд бүрэн авах, 51 хувийг гадны банкинд барьцаалсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг захив.
Мөн Л.Болд гишүүн УИХ-ын чуулганыг хугацааг сунгах шаардлагатай гэдгийг онцоллоо. Тэрбээр, “Үндсэн хуульд УИХ ээлжит чуулган 50 хоног үргэлжлэх ёстой гэсэн заалт бий. Өнгөрсөн хугацаанд чуулган хоёр сар гаруйн хугацаанд гацсан. Тиймээс Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахын тулд чуулганы хугацааг сунгаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
УИХ-ын Тамгын газар, УИХ дахь бүтцийн байгууллагууд, намын бүлгүүдийн саналыг үндэслэн чуулганыг 14 хоног сунгах хуулийн заалт бий. УИХ-ын даргаар сонгогдсон тохиолдолд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ээлжит бус чуулган зарлах магадлалтай гэдгийг нэр дэвшигч хэллээ.
Түүнчлэн Ж.Энхбаяр гишүүн “Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг нэн даруй томилох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын гишүүдтэй хэлэлцэж, нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ.
Харин Ц.Гарамжав гишүүн иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, орлогыг өсгөхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.
Монгол Улсад Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо, Аж үйлдвэрийн үндэсний зөвлөл ажиллаж байгаа бөгөөд дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих төлөвлөгөө боловсруулан салбар бүрийн мэргэжлийн холбоотоор хэлэлцүүлж байгааг нэр дэвшигч Г.Занданшатар дурдлаа. Мөн тэрбээр, хувийн хэвшлээ дэмжих зорилгоор Татварын тухай хуульд өөрчлөлт оруулахын төлөө ажиллахаа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга нь нам бус байх ёстой бөгөөд нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, эх орноо хөгжүүлэхийн төлөө найз нөхдийнхөө эсрэг ажиллах шаардлага ч гарч магадгүй тул хууль дээдэлж ажиллахыг Д.Оюунхорол гишүүн захилаа.
Мөн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын гишүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудал, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт, зарцуулалтад хийж буй шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газарт чиглэл өгөх хэрэгтэй гэдгийг онцоллоо. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэх, агаарын бохирдлыг бууруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарлаа хандуулж, хууль хяналтын байгууллагуудад шинэчлэл хийхийг хүслээ.
Ингээд санал хураахад гишүүд 95.2 хувь дэмжлээ. Мөн Г.Занданшатар гишүүнийг ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг олонх дэмжиж, батлав. Ийнхүү УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын даргын тамгыг Г.Занданшатарт гардуулснаар тэрбээр үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.
Г.Занданшатар нь 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн байна. Мөн1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг төгсжээ. Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол Банкны Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 2000-2003 онд ХААН банкны Дэд захирал, 2003-2004 онд ХХАА-н дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнгийн судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Ч.Ариунболд
УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо |
|
Сэтгэгдэл бичих