Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгов. Тэрбээр, “Тус компани өнгөрсөн онд 724 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ орлогоос хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хүртээх учиртай. Монгол хүн болж төрсний хувьд монголчууд байгалийн баялгаас хувь хүртэх ёстой. Монгол хүн баялгийнхаа эзэн байх зорилт, бодлогоо хэрэгжүүлэх хамгийн том алхам нь энэ байх юм. Энэ ажлыг хууль, тогтоомжийн хүрээнд сайн зохион байгуулах хэрэгтэй байна” гэсэн үүргийг өгөв.Тэрбээр цаашид Засгийн газарт ашигт малтмалын салбараас олж буй орлогыг иргэддээ хуваарилах бодлого барихаа мэдэгдээд, “Энэ бол зүгээр бэлэн мөнгө тараахаас өөр. Төр засаг байгалийн баялгаас иргэн бүрт хувь хүртээх үүргээ биелүүлж буй хэрэг юм. Энэ нь Монголын ард иргэдийн амьдралд ач тусаа өгнө” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Б.Болд
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгох үүрэг өгөв |
|
Сэтгэгдэл бичих