УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гүтгэлгээ зогсоохыг анхааруулав
2018-11-15 16:10:30, 913
Хөвсгөл аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэж гүтгэж буй гүтгэлгээ зогсоохыг анхааруулжээ. Тэрээр “Биднийг ээж аав минь нэр хугарахаар яс хугар гэж сургасан гэж мөн ч олон хэлсэн дээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 500 сая биш бүр 500 тэрбум авсан гэж гүтгэж байна. Миний ХААХҮ-ийн сайд Б.Батзоригт явуулсан албан бичгийн хариунууд  дэмжих боломжгүй гэж ирсэн. Гэхдээ би өөрөө болон ахан дүүстээ авч өгөх гэсэн юм биш. Орон нутагт Хөвсгөл аймгийнхаа суманд бор зүрхээрээ юм хийе гэсэн иргэдийн төслүүд байгаа юм. Хэрэв дэмжигдсэн бол Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байдаг олон жил хуримтлагдсан уул овоо шиг үртэс фанер хавтан болж, ажлын байр 30-40 гарах байлаа.
Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын цэнгэл” хоршоо малын тэжээл тариалья гэж 50 сая төгрөгийн төсөл бичсэн. Малын тэжээл тарьснаар бэлчээрээ хамгаалах гол зорилготой. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Буман сор” хоршоо. мал махны үеэр малын гэдэс дотор, толгой шийр хаягдаж байгааг бүтээгдэхүүн болгох, зоорь барих төсөл ирүүлсэн. Хэрэв дэмжигдсэн бол суманд дайвар бүтээгдэхүүний цех ажилд орох байлаа. Би сайдаас ирсэн хариуд хүндэтгэлтэй хандаж төслийн бүрдүүлэлт дутуу байж дээ гэж бодоод өнгөрсөн. Иймээс санаатайгаар гүтгэн дайрч байгаа хүмүүсийг гүтгэлгээ зогсоо” гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  өөрийн цахим хуудсандаа албан ёсоор анхааруулсан байна. 
Б.Гантуяа 
 


УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гүтгэлгээ зогсоохыг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0