Сүүлийн үед АСЕМ-тай холбоотой сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр болон хэвлэлээр багагүй цацагдах болсон. Энэ асуудлаар Э.Бат-Үүл, П.Цагаан нар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан:-Би Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн, хулгай хийх байтугай худал хэлсэн хүнд дургүй. Миний нэр, мөр цагаан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлах нь байтугай байнга төсвийг хэмнэж, оны эцэст сангийн яамд буцааж тушааж ирсэн түүхтэй. Гэтэл намайг АСЕМ-аас 321 сая төгрөг хулгайлсан, идэж уусан мэтээр илт улс төрийн зорилготой гүтгэлэг, мэдээлэл тараах боллоо. Энэ бол бохир, худал гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар хэлье. АСЕМ-ын шугамаар ирсэн тэр олон мянган төлөөлөгчийг байрлуулах зочид буудал, хурлын байрны асуудлыг давхар хариуцаж ажилласан нь үнэн. Манай тамгын газрынхан ч өдөр шөнөгүй ажилласан. АСЕМ-ын ажилд 30-40 мянган хүн сайн дураараа үнэ хөлсгүй ажилласан. Төрийн урилгаар ирсэн 50 гаруй улсын 5000 гаруй зочдыг хүлээж авах төрийн зочид буудал барих гэж төсвийн мөнгө үрээгүй. Харин ч хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилласны хүчинд АСЕМ-ын ард гарсан. АСЕМ-ыг хамтдаа гэсэн урианд хамгийн түрүүнд нэгдсэн хүмүүс бол хувийн зочид буудлууд, тэдгээрийн эх оронч санаачилга байсан. Тэдгээр 40 гаруй зочид буудлын ажилтан, алба хаагчдад хэл соёл, хоол унд, үйлчилгээнийхээ чиглэлээр дэлхийн стандартад нийцсэн нэмэлт сургалт зохион байгуулах шаардлагатай байсан. Үүнд туслах тухай санамж бичигт Хөдөлмөрийн сайдтай гарын үсэг зурсан маань ч үнэн. Гэхдээ тэр мөнгөнөөс нэг төгрөг ч миний гарын үсэгтэй зарцуулагдаагүй болно. Үүнийг мэдсээр байж аудит хэмээх байгууллага шударга биш ажиллаж, хуудуутай мэдээ мэдээлэл түгээж, Монголын төрийг самууруулах ажлыг санаатай хийж байгаад туйлын харамсаж байна. Дэлхий дахинд Монголын төрд дандаа хулгайчид байдаг гэсэн үндэслэл нотолгоогүй мэдээлэл тарааж монголын нэр хүндийг шалаар нэг унагаж байна. Ийм улстай яаж харьцах нь ойлгомжтой нүүр бууруулах буюу тойрохыг л бодно. Төр засагт болон нийгэмд шалгагдаагүй нотолгоогүй мэдээлэл түгээж төрийн түшээдийг төөрөлдүүлэхээс гадна нийгмийн бухимдал, үл ойлголцлыг дэврээж байна.
Хууль хяналтын байгууллагуудаар чулуу хөөлгөснөөрөө төрийн мөнгөнөөс хулгайн шившигт үйлдлээ нуун дарагдуулах бохир, заваан, жигшмээр заль мэх гаргаж, төрийн нэр хүндийг унагаж байна. Ерөнхий аудитор гэх нөхөр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас /ЖДҮС/ 750 сая төгрөг авсан нь төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг гутаасан шударга бус, хонины арьс нөмөрсөн чоно гэдгээ харуулж байна. Хууль хяналтын байгууллага л шударга биш ажиллахаар хэн шударга ёсонд итгэх юм бэ. Ийм учраас Аудитын ерөнхий газар 72 цагийн дотор дүгнэлт хэмээх захиалгат, хариуцлагагүй баримт бичигтээ залруулга хийж, миний нэр төрийг сэргээхийг шаардаж байна. Хоёрдугаарт, ерөнхий аудиторын орлогч мөн адил 72 цагийн дотор ЖДҮС-аас хулгайлсан мөнгөө нэн даруй буцааж төлөхийг шаардаж байна. Эс тэгвээс хууль хяналтын байгууллагад хандаж , шалгуулах болно” гэв.
Нийслэлийн Заса гдарга асан Э.Бат-Үүл:-АСЕМ бол улсаа улс шиг болгохын төлөө хийсэн 1990 оны хувьсгалын нэр төрийн баяр байсан юм. Зөвлөлтийн колончлолоос чөлөөлөгдөөд жинхэнээсээ бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс болсныг гэрчилсэн баяр байсан. Түүнийгээ Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар мэтийн түүхээ мэддэггүй хулхи “чацга”-аар гутаалгахүй. “Ардын нам интернэтээр худлаа мэдээлэл цацсан. Тэрхүү мэдээлэл дээр нь АСЕМ-ийн арга хэмжээнээс Ч.Сайханбилэг 76 тэрбум, миний бие 33 тэрбум төгрөг идсэн. Бүр миний хүү Б.Чулуудай хүртэл холбогдчихож. Нийтдээ АСЕМ-ийн арга хэмжээний 120 тэрбум төгрөгийг биднийг “идсэн” гэнэ. Би АСЕМ-ийг зохион байгуулах ажилд оролцож байснаараа маш их бахархдаг. Улаанбаатар хотынхоо гудамж талбайг засч цэмбийлгээд сайхан болгосон. Ирсэн зочид манай хотын цэвэр цэмцгэрийг магтсан байдаг. Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” цогцолборт болсон хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэл хангах ажлыг би ерөнхийлөн удирдаж зохион байгуулсан. Олон орны зочдод, монголчууд ямар гайхалтай ахуй болон соёлын өвтэй болохыг харуулах гэж байдгаараа хичээсэн. Харамсалтай нь би сонгуульд ялагдчихаад ажлаа өгчихсөн учраас тэр сайхан арга хэмжээндээ биеэр оролцож чадаагүй. Би АСЕМ-ийн арга хэмжээний бичлэгийг бүгдийг нь олж авах санаатай. Түүнийг цуглуулж эмхэтгээд ач, зээ нартай дурсгал болгож өгнө. Тэд маань өвөөгөөрөө бахархаж үр хүүхдүүдээ өвлүүлэх учиртай.
АСЕМ-ийн хүндэтгэлийн арга хэмжээ маш сайхан болсныг Европын томчуул амаа олохгүй магтаж байсан. Хамгийн гол нь Монгол Улс анх удаа төрийн дээд зиндааны төлөөлөгчдийг бөөнд нь цуглуулан олон улсын улс төрийн олимпыг хийж чадсан.Улсын төсвөөс наад зах нь 250 тэрбум төгрөг гарах ёстой байсан ч бид улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргаж хэмнэсэн.
Өч төчнөөн хүмүүс хандив өгсөн. Үнэнийг хэлэхэд хямд төсөв аргаар үнэхээр гайхамшигтай дэлхийн улс төрийн олимпыг эх орондоо зохион байгуулсан. Грекчүүд спортын олимпыг санаачилсан бол монголчууд улс төрийн олимпыг санаачилсан юм шүү. АСЕМ-ийн талаар яригдаад байгаа асуудлуудыг хамтарч шалгаж дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна. Яагаад гэвэл эх орныхоо төлөө ийм сайхан зүйл хийж байхад дунд нь яс хаяж байгаа хүмүүс яршиг л байна шүү. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа явж өгдөггүй, тэгсэн мөртлөө улс төрийн гүжир гүтгэлэг эх захгүй яваад байдаг. Одоо АСЕМ-ийн гүтгэлэг дээр яавч тэвчихгүй. Хөлөө хүрэх газар хүртэл заргалдана. Заргалдаад зогсохгүй заавал хариуцлага хүлээлгэнэ. Гүтгэгчдийг өршөөхгүй. АСЕМ-ийн гүтгэгчдийн цаана Монголын нэр төрийг унагах гэсэн бүлэг “хулхи монгол” нуугдаж байгаа. Тэднийг илчилнэ"гэлээ.
Ж.Батсайхан
АСЕМ-ын асуудлаар П.Цагаан, Э.Бат-Үүл нар гүтгэлгээ зогсоож 72 цагийн дотор хариу өгөхийг шаардав |
|
Сэтгэгдэл бичих