МАН-ын Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр буюу энэ сарын 12-нд болж хэд хэдэн улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.
Тэрбээр, “Удирдах зөвлөлийн хурлын үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга болон НЗД-ыг огцруулах асуудлыг танилцуулсан. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг шийдэх тул Удирдах зөвлөлөөс эцсийн шийдвэр гаргаагүй. Харин МАН-ын бүлгийн даргыг огцруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Мөн НЗД-ыг огцруулах асуудлыг НИТХ-д хүргүүлэх боллоо. Миний хувьд ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан асуудалтай холбогдсон Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, уг зээлийг ББСБ, Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулж иргэдэд өндөр хүүтэй зээлдүүлсэн хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэсэн зарчмын шаардлага тавьсан. Мөн МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, Удирдах зөвлөлийн гишүүд болон намын Ерөнхий нарын бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг МАН-ын дарга болон УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Үүний төлөө намайг албан тушаалаас огцруулах шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн харагдаж байна” гэлээ.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Таныг Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар?
-Би Засгийн газрыг огцруулах тухай бичигт огт гарын үсэг зурж байгаагүй. Харин өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлын үеэр хэрэв ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагыг минь хэрэгжүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулна гэдгээ хэлсэн.
-Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүдтэй санал солилцсон уу?
-Би гишүүдийг гарын үсгээ зур гэж ятгахгүй. Зурах хүсэлтэй нь зурна биз.
-Таныг бүлгийн даргын суудлаа өгөхгүй бол МАН-аас хөөнө гэдэг асуудлыг Удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан юм уу?
-Ер нь бол бүлгийн даргаас огцрохгүй бол 7 хоногийн дараа тусгай хариуцлага тооцно гэсэн утга бүхий зүйлийг ярьсан. Дараагийн хариуцлага нь мэдээж намаас хөөх байх.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг өчигдөр ярьсан уу?
-Ц.Нямдорж сайд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэсэн. Гэвч Д.Амарбаясган улс төрийн хариуцлага үүрэхгүй гэдгээ мэдэгдсэн.
-Та өөрөө Ерөнхий сайд болох хүсэл бий юу?
-Намайг албан тушаалын төлөө явж байна гэвэл том эндүүрэл. Би албан тушаалд дурлахгүй гэдгээ өмнө хэлж байсан.
Ч.Ариунболд
Д.Хаянхярваа:ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө |
|
Сэтгэгдэл бичих