Д.Хаянхярваа гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт хүргүүллээ. Энэ талаар тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.
Нийгэмд шүүжмлэл дагуулаад буй ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан тухай асуудал нь зөвхөн салбарын сайдыг огцруулснаар намжих ёсгүй гэдгийг Д.Хаянхярваа гишүүн хэлээд, “УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар ЖДҮХС-тай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой. Тиймээс өнөөдөр дээрх хоёр албан тушаалтанд шаардлага хүргүүлж байна. УИХ-ын даргыг ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг Ёс зүйн хороогоор шалгуулах, Төсвийн байнгын хорооноос Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулахыг шаардаж байгаа. Мөн гишүүд ЖДҮХС-гаас зээл авч ББСБ, ХЗХ-гоор дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлүүлсэн тухай таамаглал илэрьвэл нэн даруй хуулийн байгууллагаар шалгуулахыг мөн шаардаж байна. Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан Засгийн газрын бүтцийн байгууллагын өндөр албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох, намын Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөхийг шаардаж байгаа юм. Түүнчлэн энэ сарын 20-ны дотор МАН-ын Бага хурлыг хуралдуулж, энэ бүх бусармаг үйлдэлд тооцох сахилга, хариуцлагын асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” хэмээв.
Мөн тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр эрх мэдэлгүй байна” гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийснийг шүүмжлээд, “Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын мэдэлд ТЕГ, АТГ, шүүх, цагдаа, прокурор бүгд бий. Эдгээр байгууллагуудынхаа ажлыг эрчимжүүлж, Засгийн газраа зөв зохион байгуулж ажиллах ёстой. Үнэхээр эрх мэдэл дутагдаж байгаа бол түүнийгээ ард түмэн, УИХ-д танилцуулж шийдвэрлүүлэх нь зөв” гэсэн юм. Өнөөдөр Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдах бөгөөд энэ үеэр дээрх шаардлагаа гардуулах аж.
Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Чуулганаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал хураалт явуулах үед та эсрэг кноп дарсан гэсэн?
-Б.Батзориг гишүүний бүх тушаал шийдвэр ил тод байгаа тул түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзсэн.
-Та зарим гишүүдийн зээл авах хүсэлтийг дэмж гэсэн албан бичгийг ЖДҮХС-д хүргүүлсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Аж ахуйн нэгжүүд ЖДҮХС-гаас зээл авахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүдэд байнга ирүүлдэг. Үүнийх нь дагуу “Миний бие энэ төслийг дэмжиж байна. Үүнийг хуулийн дагуу хянаж, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн албан бичиг явуулсан. Хэрэв Д.Хаянхярваагийн шууд нөлөөлөөр аж ахуйн нэгж зээл авсан гэж үзэж байгаа бол би шалгуулахад бэлэн байна.
-Прокурорын байгууллага ЖДҮХС-гаас зээл авсан 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Энэ талаар надад мэдээлэл ирээгүй.
-Засгийн газрыг огцруулахаар 29 гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл байна?
-Засгийн газрыг огцруулах асуудал огт яригдаагүй. Надад ийм бичиг ирээгүй байна.
Ч.Ариунболд
ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага хүргүүлэв |
|
Сэтгэгдэл бичих