ХХААХҮ-ийн сайдад хариуцлага тооцно гэв
2018-10-31 16:29:37, 612
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ыг тараах талаар ирүүлсэн Зөвшилцөх санал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгийн зарцуулалтын асуудлыг хэлэлцсэн гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.
Тэрбээр, “Ерөнхийлөгчийн саналд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгнө. ЖДҮХС-гаас УИХ-ын нэр бүхий гишүүд зээл асван тухай мэдээлэл гарсан. Манай бүлгийн гишүүдийн зүгээс хууль зөрчсөн нь тогтоогдсон энэ мэт үйлдэлд хариуцлага тооцох ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс ХХААХҮ-ийн сайдад хариуцлага тооцох, огцруулах асуудлыг УИХ-д өргөн барихаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг ойрын хугацаанд төлбөрөө эгүүлэн төлж, хуулийн байгууллагуудаар шалгуулах чиглэл өглөө” гэв.
 
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
 
-Зээл авсан УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
 
-Нэр бүхий гишүүд авсан зээлээ төлсний дараагаар хариуцлагын асуудал яригдана.
 
-ЖДҮХС-д хийсэн Сангийн яамны шалгалтын дүн гарсан уу?
 
-Дүн гараагүй. Гарсны дараа холбогдох хүмүүст хариуцлага тооцно.
 
-Ерөнхийлөгчийн саналд бүлгийн гишүүд ямар байр суурьтай байсан бэ?
 
-Ерөнхийлөгчийн хоёр үндэслэл бол УИХ-ыг тараах үндэслэл биш гэж гишүүд үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж, зөвшилцөлд хүрэх ёстой. Цаашдаа Монгол Улсад тулгамдсан аливаа асуудлыг зөвшилцлийн замаар шийдэх улс төрийн соёлоо барих нь зөв.
Ч.Ариунболд


ХХААХҮ-ийн сайдад хариуцлага тооцно гэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0