Төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулав
2018-10-04 15:52:32, 843
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар “Хариуцлага хамтын ажиллагаа” сэдэвт төрийн албан хаагчдын бүсийн сургалтыг Тариалан, Алаг-Эрдэнэ, Галт суманд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулав. Сургалтад 24 сумын 288 төрийн албан хаагч хамрагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу аймгийн Засаг дарга Л.Ганболд сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар, Засгийн газрын референт Т.Оюун “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийв. Мөн аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Ган-Очир “Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ий талаар болон шинээр мөрдөх Төрийн албаны тухай хуулийн талаар, “Төрийн албан хаагчийн манлайлал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт, илтгэл мэдээлэл тавьлаа. Бүсчилсэн сургалтад улсын тэргүүний сумаар шалгарсан Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай урилгаар оролцож, өөрийн суманд хэрэгжүүлж буй ажил, арга туршлагаас хуваалцсан байна. Сургалтын үеэр урлаг спортын арга хэмжээг гурван бүсэд явуулснаас төрийн албан хаагчдын оролцоо, хувцаслалт, зохион байгуулалт, урлагийн мэндчилгээний үзүүлбэрээр дүгнэхэд Их-Уул, Ренчинлхүмбэ, Бүрэнтогтох сумын ЗДТГ шалгарсан бол гар бөмбөгийн тэмцээнд алтан медалийг Галт, Алаг-Эрдэнэ, Их-Уул сумын баг, мөнгөн медалийг Хатгал, Цагаан-Уул, Эрдэнэбулган сумын баг, хүрэл медалийг Цагааннуур, Чандмань-Өндөр, Бүрэнтогтох сумын төрийн албан хаагчдын баг тамирчид тус тус хүртэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.    


Төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0