С.Зориг агсаны хөшөөнд 20 дахь жилдээ хүндэтгэл үзүүлэн дурсав
2018-10-02 17:01:46, 656
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 20 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан өдөр өнөөдөр билээ. Одоогоос 20 жилийн өмнө бусдын гарт аймшигтайгаар амь насаа алдсан С.Зориг агсаны хөшөөнд МоАХ-ны журмын нөхөд болон Ардчилсан намын удирдлага хүндэтгэл үзүүлж  цэцэг өргөлөө. Өнөөдөр ч монголын ард түмэн энэ хэргийн захиалагчийг илрэх болов уу гэсэн хүлээлттэй  байсаар.
 
Энэхүү аймшигт хэргийн талаар зарим тоон мэдээллийг эргэн санагалзвал, 18 жилийн дараа уг хэргийг илрүүлснийг зарласан боловч захиалагч илрээгүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган, ял сонсгоод байгаа. 20 жилийн өмнө  энэ хэргийн газарт орж, гарсан хүний тоо нийтдээ 74 бөгөөд үүнээс цагдаа, прокурор, шинжээч 17 хүн байжээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн найз, нөхөд, намынх нь нийт 57 хүн байсан гэдэг. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбатыг хүлээж авахад 27 хавтаст хэрэг иржээ. Шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэргийн тоо 58  болсон. Шүүх эцсийн шийдвэрээ гаргахад хавтаст хэргийн тоо 66 болсон. Хэргийг шалгах явцад 4 ажлын хэсгийн 32 ажилтан солигдсон. Засгийн газар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргасан. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 71 хуудас бүхий материал нууцын зэрэглэлтэй үлдсэн байдаг.
 
"Зориг сан"-нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн үйл хэргийг үргэлжлүүлэх, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор түүний дотны нөхөд, гэр бүлийнхний санаачилгаар 1998 онд байгуулсан төрийн бус, ашгийн бус байгууллага юм. Зориг сантай энэ хугацаанд 100 гаруй  байгууллагатай хамтран ажиллаж 2600 тэтгэлэг олгожээ. Тухайлбал, 2018 онд АНУ-Монгол сурагч солилцооны хөтөлбөр, Австрали улсад Манлайллын эрчимжүүлсэн сургалт зэргийг зохион байгуулжээ. Мөн нийгмийн хөгжлийн 23 төслийг хэрэгжүүлж байгаа аж.  


С.Зориг агсаны хөшөөнд 20 дахь жилдээ хүндэтгэл үзүүлэн дурсав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0