Хөвсгөл аймгийн Тариалан суманд “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хөрөнгө оруулалтаар шилэн кабелын өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээ нэвтэрлээ.
Тус үйлчилгээ нэвтэрснээр Тариалан сумын иргэд хямд үнээр хязгааргүй дататай өндөр хурдны интернэт ашиглах, 80 гаруй сувагтай, нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV үзэх, суурин утас хэрэглэх боломж нээгдэж байна. Өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон энэхүү гуравласан үйлчилгээ амжилттай нэвтэрсэн бөгөөд сумын нийт өрхийн 80 гаруй хувь тус үйлчилгээг ашиглаж байна. Тариалан сум улсын хэмжээнд тус үйлчилгээ нэвтэрсэн гурав дахь сум боллоо.
Гуравласан үйлчилгээ орсноор иргэдийн хувьд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, алсын зайн оношилгоо хийлгэх, сурагч багачууд маань цахимаар суралцах, цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.
Цаашид Хөвсгөл аймгийн бусад сумдад энэхүү гуравласан үйлчилгээг нэвтрүүлэх “Цахим сум” төслийг “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтран хэрэгжүүлнэ гэдгийг нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.
Тариалан суманд гуравласан үйлчилгээ нэвтэрлээ |
Сэтгэгдэл бичих